Ц.Даваасүрэн: Хуйвалдаж өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт хийдгийг халах төсөв болсон
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх жилийн төсвөө хуульд заасан хугацаанд амжиж баталлаа. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн. Хэр мэтгэлцээн дунд болов?
-Миний хувьд Төсвийн байнгын хорооны гишүүнээр зургаа дахь жилдээ, тус байнгын хороог ахалж гурван жил ажилласан байна. Урьдын л адил хэлэлцүүлэг явагдсан. Ямар нэг онцын өөрчлөлт ажиглагдсангүй. Хамгийн гол нь намын бүлгүүд дээр төсвийн асуудлаар тохиролцоонд хүрэх чухал байдаг.
Намын бүлгүүдийн болон байнгын хорооны ажлын хэсгүүд сайн ажилласан гэж бодож байна. Амралтын өдрүүдээр ч тэд ажилласан. Өөрөөр хэлбэл, нэгдсэн саналд хүрэх гол мэтгэлцээн тэнд л болдог. Тэд сайн тохиролцчихвол, дараа нь байнгын хороодоор хэлэлцүүлэг амархан явагдчихдаг. Ийм л зарчмаар явагдсан даа.
-Монгол Улсын 2014 оны төсвийг гишүүд янз бүрээр тайлбарлаж байсан. Яаран сандран баталсан чанаргүй төсөл гэж сөрөг хүчин үзэж байхад эрх баригчид сайн төсөл болсон гэж тодотгож байна. Төсөв дээр тулж ажилласан таны хувьд яг ямархуу төсөл болсон гэж дүгнэх вэ?
-Өмнөх онуудад ч гэсэн ийм тайлбар гарч л байсан. Ер нь цөөнхийн зүгээс маш сайн төсөв оруулж ирлээ, сайн төсөв батлагдлаа гэж байсныг санахгүй юм. Тиймээс энэ бол байдаг л зүйл.
Харин 2014 оны төсөв өмнөх жилийн тодотгосон төсөвтэйгээ харьцуулахад өсөлтгүй, тэр түвшинд батлагдсан төсөв. 2010-2012 онуудын төсвийг харвал урсгал зардал жилд дунджаар 22-43 хувиар өсч байсан бол 2013 оноос арван хувь болж өсөлт буурсан байна. Тиймээс бодитой хэрэгжих магадлалтай төсөв болсон.
-Ирэх оны төсөв урьд жилүүдийнхээс нэлээд онцлогтой болсон гэж байгаа. Урсгал зардлыг танаж, баригдаж дуусдаггүй объектуудыг царцаасан гэх мэт. Ямар онцлогтой төсөв баталсан гэж бодож байна?
-Тэвчиж болох 20 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардал, зуу гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, их засвар, авто машин худалдаж авах хөрөнгө оруулалтын зардлуудыг хассан. Мөн төсөвт өртөг нь өссөн, он дамжин удааширсан шалтгааныг тодруулах шаардлагатай хөрөнгө оруулалтын 144 төсөл, арга хэмжээг төсвийн жилийн эхний улиралд царцаан аудит хийсний дараа санхүүжүүлэхээр төсөвт тусгалаа.
Энэ бол шинэ зүйл. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын ажлыг удаашруулж, үнийн өсөлт нэхдэг буруу зуршил хавтгайрах хандлагатай болсон учраас энэ арга хэмжээг авч байна. Цаашид таслан зогсоох ёстой. Тиймээс хөрөнгө оруулалтын ажлыг удаашруулж төсвөө нэмэгдүүлдэг, эсвэл хуйвалдаж өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын ажил төлөвлөдөг буруу хандлагыг халах чиглэлд бодитой алхам хийсэн төсөв болсон.
-Өрийн босгыг ДНБ-ий 60 хувьд барина гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл УИХ-ын чуулган дээр уначихсан. Тэгэхээр хуучин хуулиараа гадаад өр 40 хувьтай байх нь. Ингэснээр ирэх онд дэлхийн зах зээлээс босгох мөнгөний хэмжээ хумигдана гэсэн үг үү?
Уул уурхайн салбарын орлоготой уялдаж бий болсон хөгжлийн өсөлтөө хадгалах, дэмжих үүднээс дэд бүтцийн томоохон ажлуудыг ирээдүйгээсээ зээлж авч, цаг хожиж хийж болно.
-Тэгж ойлгож болно. Уул уурхайн салбарын орлоготой уялдаж бий болсон хөгжлийн өсөлтөө хадгалах, дэмжих үүднээс дэд бүтцийн томоохон ажлуудыг ирээдүйгээсээ зээлж авч, цаг хожиж хийж болно. Ер нь хөгжлийн эхний шатанд бусад улс орнууд ийм алхам хийдэг.
Гэхдээ өрийн удирдлагын оновчтой тогтолцоо, үр дүнтэй төсөл сонгох сайн тогтолцоотой байх ёстой. Өр төлөх схемээ ч урьдчилаад бодчихсон байх хэрэгтэй. Тэгвэл өрийн дарамт үүсэхгүй.
Жишээ нь, аль нэг орд дээрээ гадны оператор компани сонгож, олборлолт, борлуулалтыг хариуцуулаад, орох орлогоо тусгай дансанд төвлөрүүлж, зөвхөн өрөө төлөхөд зарцуулж болно. Ингэх боломж манайд хангалттай байна шүү дээ. Боломжоо сайн ашиглаж байж л үр дүн гарч, хөгжинө. Харин өрийг урсгалд нь орхиж болохгүй.
-Ам.долларын ханшийг 1384 төгрөг гэж тооцооллоо. Өнөөдрийн бодит байдал дээр ам.доллар 1700 гарчихсан байхад 1384-өөр худлаа тооцлоо гэж сөрөг хүчнийхний шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Ирэх жил доллар үнэхээр буурч чадах уу?
-Засгийн газрын холбогдох яамд нь долларын ханшийг бууруулахын төлөө ажиллана, дундаж ханшийг 1384-д барина гээд байхад УИХ өсгөчихөж болохгүй. Хэрэв өсгөвөл ханшийг шууд өсгө гэсэн сигнал зах зээлд өгнө. Нөгөө талаар практик талаас нь харвал, 2011 оны төгсгөлд ханш 1740 хүрээд эргэж буурсан байдаг. Ийм боломж байна гэсэн үг.
Тиймээс ханшийг бууруулахын төлөө ажил хариуцлагаа хүлээ гэж шийдсэн нь зөв байх. Байнгын хорооны зүгээс төсвийн санхүүжилтийг ирэх оны гуравдугаар сарын 30 хүртэл үргэлжлүүлэхийг зогсоох санал Засгийн газраас оруулж ирж байгаа нь оны эцэст ханш өсгөж болзошгүй гэж анхааруулсан. Харин Засгийн газрын холбогдох сайд нар нь өсөхгүй л гэсэн. Хамтдаа л харъя.
-Он гараад тендер зарлагдана. Гэтэл бодит байдал дээр долларын ханш 1700 давчихсан байхад 1384-өөр тооцож тендерт оролцох компани байх болов уу. Өнөөх улсын бүтээн байгуулалтын ажил зогсчих юм биш биз дээ?
-Ханшийн эрсдэл бол байнга байдаг зүйл. Тиймээс төсөл боловсруулахдаа тодорхой эрсдэлийг тооцдог аргачлалыг ашигладаг. Мөн хөрөнгө оруулалтын ажлын гэрээгээр үнийн тохируулга хийх эсэхээ зохицуулаад явах боломжтой.
-Царцаасан объектуудад аудит оруулж, шаардлагатай 240 барилгын ажилд төсөвт хавар тодотгол хийхээр боллоо. Ирэх оны төсөвт эдгээр барилгын яг хэдийг нь суулгаж, хэдийг нь хасав?
-Эдгээр 240 төсөл, арга хэмжээ “0” дүнтэйгээр 2014 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад бүгд туссан. Харин аудит хийгдсэний дараа аль объектыг нь санхүүжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
-2013 онд баригдах ёстой байсан барилгуудыг 2014 оны төсөвт шилжүүлчихлээ. Улс төрийн тохироогоор хийсэн энэ байдал эдийн засагт дарамт болох юм биш үү. Ирэх жил дахиад л ингээд тодотгол хийх үү?
-Дээр дурдсан 240 объектын 96 нь 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан байсан хөрөнгө оруулалтын арга хэмжээ юм. Эдгээрийг 2014 оны төсөвт “0” дүнтэйгээр шилжүүлэн авч үлдэж байна. Ялангуяа нэгэнт ажил нь эхлээд, тодорхой санхүүжилт хийгдчихсэн объектуудын хувьд дуусгахгүй бол хайран хөрөнгө болж үлдэх эрсдэл бий.
Харин гэрээ байгуулагдаагүй, огт эхлээгүй шинэ объектуудын хувьд ач холбогдлоор нь эргэж харах хэрэгтэй болов уу. Ер нь эдгээр 96 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эсэх нь төсвийн орлогоос шууд хамааралтай. Манай экспортын орлого, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхгүй бол 2014 онд санхүүжүүлэх боломжгүй л дээ.
-Төсөвт өртөг нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн барилгуудыг дахиад суулгасан нь хэр зөв бэ. 2014 оны төсвөөс тэвчиж болох зардлыг танасны үр ашиг байгаа юм уу?
-Үндэслэлгүй нэмэгдсэн эсэхийг шалгах гэж байгаа юм. 2014 оны төсвийн нэг онцлог бол төсвийн шинэ хуулийн дагуу иргэдийн хэлэлцүүлгээр хамгийн өндөр санал авсан хөрөнгө оруулалтын арга хэмжээг тусгаж оруулж ирсэн учраас тэдгээрийг шууд хасчихаж болохгүй.
-Төсөвт анх Сангийн яамныхны оруулж ирсэн орлого зарлага, сая батлагдахад яаж өөрчлөгдөв?
-Төсвийн орлогыг төлөвлөж оруулж ирсэн хэмжээнээс 20 тэрбум төгрөгөөр, зарлагыг 17 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан.
-Төсвийн хүрээний мэдэгдлийг Мөнгөний бодлоготой уялдуулж өөрчилж, ирэх онд инфляцыг найман хувьтай байхаар тооцлоо. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад инфляцийг ийм бага түвшинд байлгаж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байгаа. Харин та хэр зэрэг итгэж байна вэ?
-Ийм зорилт тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Амархан биелэх боломжтой, өсөлтгүй зорилт тавиад байвал хөгжлийн тухай ярих нь утгагүй болно.
-Цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ хэдэн хувиар өсөхөөр тооцоолж, төсөвт тусгав. МАН-ынхны зүгээс 30 хувиар нэмэх шаардлага тавиад байгаа. Төсвөө батлахдаа хэдэн хувиар нэмэхээр болов?
-Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх нь зүйтэй гэж үзэж 200 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр төсөвт тусгаж өгсөн. Харин урьдын адил улстөржиж, дуулиан болгон хувь зарлаж нэмэх нь эргээд үнэ өсгөж бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэхгүй байгаа учраас зөвхөн шаардагдах эх үүсвэрийг л суулгаж өгсөн.
Хувь зарлаж нэмэгдүүлэх нь бизнесийн салбарт хүнд дарамт авчирч, бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж ажиллагсдынхаа цалинг нэмэхэд хүргэдэг. Ингэснээр үнэ нэмэгдэж, бодит худалдан авах чадвар нэмэгддэггүй. Ийм байдлаас бид татгалзах цаг болсон.
-Гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө 50 хувиар нэмэгдсэн гэв үү. УИХ-ын гишүүд тойрогтоо хэдэн төгрөг зарцуулахаар төсөвт тусгав. Өмнөх жилүүдэд энэ тоо ямар байв. Одоо тэр дүнгээс 50 хувь нэмэгдчихээд байгаа гэсэн үг үү?
-Өнгөрсөн сонгуулиар 28 гишүүн намын нэрээр УИХ-д суудаг болсноор тойргоос сонгогдсон гишүүдийн тойрогт ажиллах ачаалал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн. Жишээ нь, манай тойрог өмнө дөрвөн гишүүнтэй байсан бол хоёр гишүүнтэй болсон.
Тэр хэмжээгээр бидний ажил нэмэгдэж байгаа. Зардалгүй ажил гэж байхгүй. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүдийн ажлын албаны зардал нэмэгдсэн байгаа. Ингэснээр тойргийнхоо иргэд, сонгогчтойгоо ойр ажиллаж, тэдний саналыг УИХ-ын шийдвэрт тусгаж ажиллах боломж нэмэгдэнэ.
- Гишүүдийн тойргийн мөнгө гээд байдаг байсан чинь энэ мөн үү?
-Гишүүдийн тэрбум гэдэг зүйл өнгөрсөн жилийн төсвөөс байхгүй болсон. Төсвийн шинэ хуулийн дагуу орон нутгийн хөгжлийн санд 8-11 тэрбум төгрөг хуваарилж иргэдийн саналыг асууж, түүний дагуу тухайн тойрогт нь зарцуулдаг болсон.
-А.Тлейхан гишүүн сайд, байнгын хорооны дарга тойрогтоо илүү хөрөнгө оруулалт хуваариллаа. Хөвсгөл, Архангайн хөрөнгө оруулалт манай аймгаас дөрөв дахин их болсон байна гэж шүүмжилсэн. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй хардаж л байхгүй юу. Хэн нэгэн тийм тооцоо хийж тараасан байсан. Тэр нь үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй юм билээ. Жишээ нь,концессын гэрээгээр хийгдэж буй Улаанбаатар-Мандалговийн 160 тэрбум төгрөгийн өртөгтэй шугамын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймаг дээр нэмчихсэн байсан.
Төсвийн орлогыг төлөвлөж оруулж ирсэн хэмжээнээс 20 тэрбум төгрөгөөр, зарлагыг 17 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан.
Манай аймагт гэхэд он дамжин хэрэгжиж байгаа- Дулааны станц, түүний гадна шугам сүлжээ, замын өндөр өртөгтэй ажлуудыг оруулсан байна. Засгийн газраас эхний ээлжинд Улаанбаатартай холбох дөрвөн аймгийн нэгэнд ороод ажил нь хийгдэж байгаа юм.
-Төсөв батлагдсанаар ирэх онд манай улсын худалдаа эдийн засгийн байдал ямар байх вэ?
-Төсвийн зарлага бол хэрэглээний зах зээлийн 40 гаруй хувийг санхүүжүүлдэг. Энэ хэмжээгээр бизнесийн салбарыг санхүүжүүлдэг гэсэн үг юм. Тэр агуулгаар нь харвал өнгөрсөн жилийн түвшинд л бизнесийн салбарт орлого орох нь гэж үзэж болно.
-2013 оны төсөвт тодотгол хийсэн гол шалтгаан Оюу толгой, Таван толгойгоос орж ирэх мөнгө саатсантай холбоотой. Тэгэхээр ирэх оны төсөвт Оюу толгой Таван толгойгоос хэдий хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн тооцооллоор төсөв батлагдав?
-Ирэх 2014 онд уул уурхайн салбараас улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн орлого орохоор төлөвлөсөн. Оюу толгой ХХК-ийг 2014 онд 723 мянган тонн зэсийн баяжмал, 25 тонн алт, 60.2 тонн мөнгө олборлож, нэгдсэн төсөвт 161 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр оруулахаар тооцсон.
Нүүрсний салбараас нийтдээ 589 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ алт, зэсийн үнийг харьцангуй бодит түвшинд нь ойртуулж төсөөлсөн гэж үзэж байна. 2013 онд нэг тонн зэсийг 8100 ам.доллар, боловсруулсан нүүрсийг 160 ам.доллар гэж тооцож байсан бол 2014 онд зэсийг 6242 ам.доллар, нүүрсийг 115 ам.доллар гэж тус тус тооцсон байгаа.
-Алтны ил тод байдлын тухай хуульд рояалтын татварыг 2.5 болгох гээд байна. Ингэж багасгаснаар алтны худалдаа ил тод байж, нөөц нь нэмэгдэх үү?
-Бие даагчдын зөвлөлийн хувьд алтны өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар бууруулахыг дэмжихгүй байгаа. Ингэснээр тушаах алт нэмэгдэх нь юу л бол. Татвараа бууруулж авах гэсэн санаа л байх.