Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.11.19

270 мянган иргэн төсвийн зарцуулалтад саналаа өгчээ

2014 оны төсөв өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад онцлогтой боллоо. Учир нь энэ жилийн төсвийг юунд, ямар бүтээн байгуулалт хэрэгтэй вэ гэдэг дүр зураг гаргахдаа 270 мянган иргэний саналыг тусгасан байна.

Нэг ёсондоо төсвийг дарга нар биш иргэд захиран зарцуулах боллоо гэж нийслэлийн удирдлагууд онцолж байна. Нийслэл анх удаа хөрөнгө мөнгөө юунд зарцуулж ямар бүтээн байгуулалт хийхээ олон мянган иргэний санал хураалтын дүнгээр төлөвлөхөөр боллоо.

"Иргэний оролцоотой төсөв" компанит ажлыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хэрэгжүүлсэн байна. Төсөвтэй холбоотой санал асуулгын хуудсыг нийслэлийн бүх иргэдэд буюу 320 мянган айлд тараажээ. Ингээд 273 мянган санал авсан байна. Санал асуулгын нэгдсэн дүнгээр нийслэлд хамгийн түрүүнд 100 цэцэрлэг шинээр барих хэрэгтэй гэсэн санал гарсан байна.

Цэцэрлэг, ногоон байгууламж, биеийн тамирын болон тоглоомын талбай, бага сургуулийг нэн тэргүүнд барих хэрэгтэй гэсэн саналыг иргэд өгсөн байна. Энэ мэтээр нийгэмд  дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, тохижилт аюулгүй байдлын чиглэлээр 20 төрлийн асуулт бүхий томоохон асуулгыг авч чадлаа гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Ингэснээр нийслэлийн өнөөгийн байдал хөгжлийн чиг хандлагыг иргэдийн бодит саналд тулгуурлан бий болголоо. Эхлээд санал асуулга авсан бол одоо хэрэгжүүлэх ажилд иргэдийг оролцуулах болно гэдгийг Э.Бат-Үүл дарга хэлсэн.