УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.11.19

2014 оны төсөв 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө

УИХ-дахь монгол ардын намын зарим гишүүний тайлбарлаж байгаагаар УИХ төсөв батлахдаа засгийн газраас өргөн баригдсан хувилбараас илүү сайжруулсан гэхдээ зарим тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдэж чадахааргүй төсөв болсон гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Орон нутгийн өөрийн эрх мэдлийг өргөтгөхийн тулд төсвийг аймаг орон нутагт нь багцаар нь баталж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрсдөө хуралдаж аль суманд ямар цэцэрлэгээ барих, ямар сургуулиа засварлах, ямар соёлын төвөө шинээр барих вэ гэдэг хөрөнгө оруулалтын асуудлаа өөрсдөө дотооддоо шийддэг байх нь зөв гэсэн байр суурьтай хандаж байгаа.

Цаашдаа улс төрийн намууд тохиролцож зөвшилцөж төсвийн тухай хуульд шинэчлэлийг хийх шаардлагатай" хэмээн хэллээ.

УИХ 2014 онд улсын төсөв 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ аймгуудад өгөх төсөв хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ тэгш бус хандсан гэж гишүүн А.Тлейхан шүүмжиллээ. Харин УИХ төсвийн хөрөнгө оруулалтыг тэгш бус хуваарилсан зүйл байхгүй ташаа ойлголт гэж төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тайлбарлаж байна.

Тэрээр "Өмнөговь аймгийн хувьд улсын хөрөнгө оруулалтаар хийж байгаа Мандалговь хүртэлх шугамын 160 тэрбумын нэмсэн байгаа. Тэгэхээр мэдээж Мандалговь нэгт орно шүү дээ. Ингэж харвал өрөөсгөл байх. Манай аймгийн хувь төсөв өндөр туссан гэж байна. Гэхдээ манай аймаг хамгийн их хүн амтай.

Мөн дулааны станц, шугам сүлжээг барьж байгаа хөрөнгө оруулалт өөрөө их өндөр юм. Энэ бүгдийг нэмээд шүүмжилсэн бололтой. Тэрнээс биш 2014 оны төсөв хэлэлцэхэд тэр аймагт нь илүү туссан гэх зүйл огт байхгүй" хэмээн хэллээ.

УИХ өмнөх жилүүдэд Улсын төсвөөс хөрөнгө оруулалт, санхүүжилт нь хийгдсэн боловч ажил нь дуусаагүй төсөвт өртөг нь хэтэрсэн 240 –өөд барилгад үндэсний аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна. Хэрэв төсөвт өртөг нь өсөх бодитой үндэслэл тогтоогдвол тухайн объектын хөрөнгө оруулалтыг 2014 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр болсон.