2014 оны улсын төсвийн хуулиудын талаар мэдээлэл өглөө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2014 оны төсвийн хуулиудын талаар мэдээлэл хийлээ.
2013.11.20

2014 оны улсын төсвийн хуулиудын талаар мэдээлэл өглөө

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурал Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа улс орны эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлага, манай улсаас экспортод гардаг уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшийн төлөв байдал,

Монгол оронтой хамтран ажилладаг олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмж зэргийг харгалзан төсвийн орлого, зарлагын өөрчлөлтийг судлан үзсэний үндсэн дээр зохих өөрчлөлтүүдийг оруулсан тухай тус байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Мөн тэрээр “2011, 2012 онд төсөв өмнөх жилийнхтэй харьцуулахад 20-33 хувийн өсөлттэй байсан. Эцэстээ оны төгсгөлд орлого нь танагддаг, зардал нь буурдаг, тодотгол хийгддэг зарчмаар явж ирсэн. Энэ байдлаа засах үүднээс бид төсвийн төсөөллийг боловсруулахдаа байж болох түвшинд нь өсөлтүүдийг авсан. Тухайлбал, төсвийн орлого өмнөх жилийн түвшинд байгаа, харин тодотгосон төсөвтэй харьцуулбал найман хувийн өсөлттэй байна” гэлээ.

2014 онд Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор тогтжээ.

Түүнчлэн энэ жилийн төсөвт туссан хөрөнгө оруулалтын объектуудын төсөвт өртөг нь өссөн, он дамжиж удааширсан асуудлыг дахиж нягталж байж санхүүжүүлэхээр болж байгаа. Эдгээр объектуудад оны эхний улиралд аудитын үнэлгээ хийлгэхээр төсөвт “0” дүнтэйгээр тусгасан. Дараа нь төсвийн тодотголоор задална.

Яагаад төсвийн тодотгол хийх болсон гэхээр 144 объект нь 186 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Салбар нэг бүр дээр нь “0” дүнгийнхээ оронд төсөвт өртгийг суулгаж өгнө. Дүн өөрчлөгдөж байгаа учраас хөрөнгө оруулалтыг тодотгохоос өөр арга байхгүй. Бид нэгдүгээр улиралд багтааж үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана.

Яагаад гэвэл манай барилгын салбарын ажил улирлын шинж чанартай байдаг. Хөрөнгө оруулалт дээр төсөвт өртгүүд нь ижилхэн мөртлөө дүн нь өөр өөр гардаг. Жишээ нь, 250 суудалтай соёлын төв нь 500 суудалтай соёлын төвөөсөө өндөр төсөвтэй гарсан байна” гэлээ.

Өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдад сурлагын амжилтыг харгалзан Засгийн газраас 10 сарын турш үндэсний тэтгэлэг олгох, тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоож байхаар өөрчилжээ.

Мөн тэрээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуультай хамтад нь баталсан зарим хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар аттестатчлагдсан,

сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагуудын өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдад сурлагын амжилтыг харгалзан Засгийн газраас 10 сарын турш үндэсний тэтгэлэг олгох, тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоож байхаар өөрчилсөн байна.

”Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолоор 2014 онд Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор тогтсон. Түүнчлэн “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталсан.

Энэ тогтоолоор төсвийн хуулинд “0”дүнтэйгээр тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг аудитын байгууллага 2014 оны 3 дугаар сарын 1-ний дотор шалгаж дүгнэлт гаргах, үүнийг нарийвчлан тогтоосны дараа Засгийн газар тэдгээр төсөл, арга хэмжээний санхүүжилтийн саналаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх, 2013 оны төсвийн тодотголоор хасагдаж 2014 оны төсөвт тусгагдаагүй зам тээвэр, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон байна.