Ц.Даваасүрэн: 2014 оны төсөв алдаагүй батлагдсан
УИХ 2014 оны төсвөө хуулийн хугацаанд буюу энэ сарын 15-ны дотор баталсан. Гэвч МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд 2014 оны төсөв алдаатай батлагдсан гэсэн мэдээллийг өгөөд буй.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсох үед Монгол Улсын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 60 хувиас ихгүй байх тухай заалт батлагджээ. Тодруулбал, эл заалт тус хуулийн 21.3-т ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 60 хувиас ихгүй байх гэсэн өгүүлбэрээр туссан байгаа юм.
Гэтэл УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, Засгийн газарт буцаачихсан. Үүгээр ирэх онд Монгол Улсын өрийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 40 хувиас хэтрэх ёсгүй ч 2014 оны төсвийн хуульд 60 хувьд хүргэх боломжтойгоор батлагдсан нь ийн зөрчил үүсгээд байна гэсэн мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-МАН-ын бүлгийн даргын мэдээллээр бол 2014 оны төсөв алдаатай батлагдсан гэсэн мэдээллийг өгөөд байна л даа, энэ талаар тайлбар өгөөч?
Монгол Улсын ДНБ-нд ээзлэх өрийн хэмжээ 60 хувиас хэтрэхгүй байна
-Монгол Улсын өрийг зохицуулж буй хоёр хууль бий. Нэгт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар, Монгол Улсын ДНБ-нд ээзлэх өрийн хэмжээ 60 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд олонхий дэмжлэг буюу 2/3-ийн дэмжлэг авч чадаагүй учраас уначихсан. Тиймээс хуучин хуулийн дагуу үйлчилнэ гэсэн. Хуучин хуульбуюу Монгол Улсын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт хэвээр үйлчилж байгаа.
2014 оны төсвийг зохицуулж буй хууль нь Төсвийн хүрээний мэдэгдэл. Төсвийн хүрээний мэдэгдэлд ч мөн Монгол Улсын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байх заалт нь хэвээр байгаа. МАН-ын бүлгийн даргын ярьсан нь Сангийн сайдын ирэх жил хийх үзүүлэлт буюу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, чанар болон тоо хэмжээ гэсэнд Сангийн сайдын өр 60 хувиас ихгүй байна гэж тусгасан байгаа. МАН-ын бүлгийн дарга үүнийг л ярьсан байх.
-Тэгэхээр 2014 оны төсөв алдаагүй батлагдсан гэсэн үг үү?
-Тийм. МАН-ын бүлгийн дарга зөвхөн сайдын үр дүнгийн үзүүлэлтийг яриад байна. Тэр хүн энэ бүхний учир шалтгааныг сайн ойлгоогүй учраас л тэгж хэлсэн байх.
-Сангийн яамнаас Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж буй. Энэ хуулиар өрийг 60 хувиас хэтрэхгүй байхаар тусгах болов уу?
-Анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 60 хувиас хэтрэхгүй байхаар оруулж ирсэн санаа нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гол санаа байсан юм. Өөрөөр хэлбэл, цаг хожиж төмөр замаа барьж, нефтийн үйлдвэртэй болох, уул уурхайгаас бий болж буй хөгжлийн хурдацыг дэмжих санаагаар оруулж ирсэн. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжлэг авдаг учраас унасан. Тэгэхээр зээл авах бололцоо хаагдчихсан.
-2014 оны төсөв гурван сарын настай, дахин тодотгол хийнэ гэхээр муу төсөв болсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байна л даа?
-2014 оны төсөвт тодотгол хийнэ. 2014 оны төсөв хэлэлцэх үед он дамжин хийгдсэн, төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудыг шалгаж үзэх ёстой гэж үзсэн. Тиймээс 2014 оны хаврын чуулганы эхэнд зөвхөн аудитын шалгалт хийсэн, төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтад тодотгол хийх юм. Яагаад гэвэл бүх сайдын багцыг батлахдаа хуульчилж баталсан. Гэтэл энэ дотор хөрөнгийн зардалууд нь хөдлөхөөр болж байгаа юм. Тиймээс санхүүжилт нь үргэлжлэх объектуудыг шалгасны дараа 2014 оны төсөвт тодотгол хийх юм. Ингэхдээ зөвхөн хөрөнгө оруулалтын хүрээнд л тодотгол хийнэ.