МАХН-МҮАН – ын “Шударга ёс” эвсэл
2013.12.18

"Шударга ёс" эвсэл Ч.Улаан, Н.Батбаяр сайдуудыг огцруулах саналыг дэмжихгүй

Засгийн Газрын зарим гишүүнийг огцруулахаар МАН-ын бүлгийн гишүүд санал гаргасныг дэмжих боломжгүй гэж МАХН-МҮАН – ын “Шударга ёс” эвслийн бүлэг үзэж байна. Тухайн асуудлаар бүлгийн ээлжит бус хуралдаан болж ийм шийдвэрийг гаргажээ.

МАН-ын бүлэг Сангийн Сайд Ч.Улаан, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаяр нарыг огцруулах саналыг УИХ-д гаргахдаа эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал хүндэрсний төлөө холбогдох сайдууд хариуцлага хүлээх ёстой гэсэн үндэслэлийг гаргажээ. Харин Сайд Ч.Улааны үзэж байгаагаар төсвийн орлого тасалдаж, зарим талын хүндрэл үүссэн нь Засгийн Газар болон Сангийн Яамны үйл ажиллагаанаас хамаараагүй, гадаад зах зээлийн өөрчлөлт болон хөндлөнгийн нөлөөллөөс илүү хамааралтай гэсэн тайлбарыг өгч байна.

Сангийн Сайд Ч.Улааны хариулт:

Нийт тасалдаж байгаа орлогын 90 хувь бидний үйл ажиллагаанаас шууд хамаараагүй. Мэдээж төсвийн орлого бүрдүүлдэг Сангийн Яам, Гаалийн албадтай холбоотой зарим нэгэн тасалдал бий. Үүнд бид сар бүр дүгнэлт хийж, таван сараас эхлэн улсын төсвийг бүрдүүлэх зохистой ажлуудыг хийж ирлээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Сангийн сайд, Эдийн Засгийн Хөгжлийн сайд болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлбарыг сонссон байна. Тэд хоёр сайдыг огцруулах бодитой үндэслэл алга гэсэн дүгнэлтийг хийжээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг:

МАН-ын гаргаж тавьсан үндэслэл бол огцруулах хэмжээний үндэслэл биш. Тиймээс манай бүлэг огцруулах саналыг дэмжихгүй. Гэхдээ эдийн засаг, санхүүгийн зарим нэг асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Сайд нарыг ажлаа сайжруулах талаар тодорхой үүрэг даалгавар өгөх нь зүйтэй. 

Эдийн засаг, санхүүгийн хүндрэл одоогийн засгийн үед үүсээгүй, мөн дотоод хүчин зүйлээс ч хамаараагүй гэсэн тайлбарыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдэд өглөө. Хоёр сайдыг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийднэ.