Eagle TV6. Халуун сэдэв нэвтрүүлэг.
2014.02.10

2014 онд төсвийн бүх мэдээллийг ил тод болгоно

Халуун сэдэв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан оролцлоо.

- 2014 оны улсын төсөв, санхүүгийн төлөв ямар байна вэ?

2013 он олон сорилтыг авчирсан амаргүй он байлаа. Гэхдээ үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан. Төсөв эрүүлжих баттай үндэс суурийг тавьж чадсан гэж бодож байна. Дэлхийн эдийн засгийн прогноз нааштай байгаа учраас 2014 оныг бид өөдрөгөөр харж байна. Түүнчлэн хоёр хөршийн маань эдийн засаг идэвхжих шинжтэйг хэлэх хэрэгтэй. Тиймээс манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш тогтвортой байх төсөөлөл бий. Энэ онд өнгөрсөн жил эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудын үр өгөөжийг хүртэж эхэлнэ.

- Засгийн газар өөдрөг байр суурьтай ч хувийн хэвшлийнхэн эсрэг зүйл ярьдаг. Тухайлбал нүүрсний салбарынхан нүүрсний экспорт өнгөрсөн оны үзүүлэлтэд хүрэхгүй гэж үзэж байна.  Энэхүү зөрөөтэй байр суурийн тухайд та юу хэлэх вэ?

Төр, хувийн хэвшлийн хооронд тохирсон ажил, гаргасан тооцоо байгаа. Гэхдээ эдийн засгийн гол  ачааг үүрдэг хувийн хэвшлийнхний санаа зовж буйг ойлгох хэрэгтэй. Гадаадын зах зээлд эрэлт хэрэгцээ байгаа учраас бид өөдрөгөөр төсөөлж байна. Үр дүнг амьдрал өөрөө харуулна.

- 2014 оны төсөв батлагдахдаа тодотгол хийгдэх байдлаар батлагдсан. Та энэ талаар салбарын сайдын хувьд юу хэлэх вэ?

УИХ төсвийг батлахдаа хөрөнгө оруулалтын жагсаалтын дагуу баригдаж буй зарим объектын ажлыг эргэж харах хэрэгтэй гэж үзээд 240 объектын барилгад зориулах 140 тэрбум төгрөгийг нийт дүнгээр нь баталсан. Дэлгэрэнгүй задаргааг ойрын үед хийнэ. Тиймээс үүнийг төсвийн тодотгол гэж хэлэхэд хэцүү.

Төсвийн орлого, зарлага ДНБ-ний гурав хүртэлх хувьтай тэнцвэл тодотгол гэж үзэхээр хуулинд заасан. Дээрх асуудалтай холбоотой гурван сард ээлжит бус чуулган хуралдана гэж бодож байна. Уг 140 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулах талаар Үндэсний аудитын газар судалгаа хийж байна. Судалгааны ажил дуусахаар нарийн задаргаа хийнэ.

Үүнээс өөр төсвийн өөрчлөлтэй холбоотой ажил хийгдэхгүй.

- Шилэн дансны талаар тодорхой ярихгүй юу?

Шилэнд дансны гол зорилго нь төсвийн мэдээллийг ил тод байлгах. 2013 онд баталсан төсвийн тухай хууль ч ийм зорилготой. Төсвийн зарцуулалт иргэдийн хяналтанд байх ёстой. Одоогийн байдлаар орон нутагт зарцуулж буй төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх санхүүгийн програмыг нэвтрүүлээд байна. Ямар хөрөнгө оруулалт хэдэн хувьтай биелж, санхүүжилт нь ямар байна гэх зэрэг бүх мэдээллийг иргэд авах боломжтой. Түүнээс гадна сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төсвийн мэдээллийг хүргэж байх болно. Түүнчлэн байгууллага дээр цахим самбар ажиллаж байна. Иймэрхүү байдлаар 2014 онд төсвийн бүх мэдээллийг ил тод болгоно.