Э.Бат-Үүл: Ажил эрхэлдэг хүн бүхэн орон сууцтай болох боломжтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.04.03

Э.Бат-Үүл: Ажил эрхэлдэг хүн бүхэн орон сууцтай болох боломжтой

Ажил эрхэлдэг ч, зээлд хамрагдах урьдчилгаа бэлэн мөнгөгүйгээс орон сууц авах боломжгүй иргэдэд зориулж, нийслэлийн захиргаанаас Нийслэлийн Орон сууцны корпораци  байгуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийнхний эхний ээлжид хийхээр төлөвлөсөн ажлынх нь чиглэл гарчээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

 - Нийслэлээс иргэдээ орон сууцжуулах хүрээнд НОСК байгуулахаар болсон. Төрийн гэх тодотголтой нь байхад ажил, үүрэг нь давхардсан байгууллага нэмж байгуулах шаардлага байна уу ?

 -Хэдий энэ хоёр байгууллагын зорилго нэг ч, иргэдэд сонголт өгч байна. Хэрвээ та хурдан орон сууцанд ормоор байвал ТОСК-аар дамжуулан 30 хувийн урьдчилгаа өгөөд хамрагдаж болно. Харин цалингаас өөр орлого алга гэвэл сар бүр цалингийнхаа 25-30 хувийг нь орон сууцны хуримтлалын санд хуримтлуулан 3-5 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод жилд 180 мянган орон сууцны хэрэгцээ үүсдэг ч, дөнгөж 15 мянган орон сууцыг л нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгцээний 10 орчим хувийг хангадаг гэсэн үг. Энэ их эрэлтийг хувийн хэвшлийнхэн болон ТОСК хэдхэн жилд хангаж дийлэхээргүй. Энэ байгууллага ганц нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч орон сууц барих ёстой шүү дээ.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институтийн судалгаагаар орон сууцтай болохыг хүссэн иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгаагаа шууд төлөх боломжгүй байна гэсэн дүн гарсан. НОСК-ын төрийнхөөс ялгарах нэг онцлог нь ажил эрхэлдэг хүн бүхнийг орон сууцаар хангах.

-Ажил хийдэг хэн бүхэн сар бүр цалингийнхаа 25-30 хувийг нь санд төвлөрүүлэн байртай болно гэхээр хэдэн ам.метр талбайтай орон сууц санал болгож байна гэсэн үг вэ?

-Тус институтийн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн 8.3 хувийг 200 мянган төгрөгийн цалинтай хүн эзэлж байгаа бол 200-300 мянган төгрөгийн цалинтай нь 10,3 хувь, 300-400 мянга нь 19,6 хувь, 400-500 мянга нь 23,9 хувь, 500-600 мянган төгрөгийн цалинтай нь 16,9 хувийг эзэлж байна.

Харин 600 мянган төгрөгөөс дээш цалинтай нь 21 хувийг эзэлдэг гэсэн. Цалингаас өөр орлогогүй иргэдэд зориулж байгаа гэдэг утгаараа 25 ам.метр талбайтай нэг өрөөнөөс эхлээд 60 ам.метр талбай бүхий орон сууц санал болгож байгаа. Тэгэхээр та цалингийнхаа хэмжээнээс шалтгаалж байраа захиалах боломжтой гэсэн үг. Ингэж сонголт өгснөөр тухайн хүндээ ч дарамт болохгүй.

-Хаана барихаар төлөвлөсөн бэ?
Яармагийн спорт цогцолборын хойд талд гэхэд 959 айлын байр 1-2 орцтой 15 давхар есөн давхар барилга сүндэрлэнэ.

-Бид нийслэлийн өмчийн  Сонгинохайрхан дүүргийн Баянголын амын 9,7 га-д, мөн 32 дугаар хорооны хотын шинэ төв сүндэрлэх 48 га-д, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 190,8 га, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Био-Сонгино 112 га газар буюу Яармагийн спорт цогцолборын хойд талд 3,1 га газар болон Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны Улиастайн 106 га-д барихаар төлөвлөсөн. НОСК- ын орон сууцны хөтөлбөр эхний жилд 20 мянган орон сууцны захиалга авч чадвал 50 тэрбум төгрөг төвлөрүүлж чадна гэсэн тооцоо гарсан.

Иймд эхний жилийн санхүүжилтээр хоёр хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой. Жишээ нь, Яармагийн спорт цогцолборын хойд талд гэхэд 959 айлын байр 1-2 орцтой 15 давхар есөн давхар барилга сүндэрлэнэ. Энэ сонгосон газруудын үнэ цэнийг өсгөхийн тулд Мс Donalds, KFC  гэх мэт гадаадын нэртэй худалдаа үйлчилгээний газруудыг оруулж ирнэ. Дэлхийн жишигт томоохон худалдааны газруудын үйлчилгээ үл хөдлөхийн хөрөнгийг өсгөдөг гэдэг юм билээ.

-Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт нэрээр элс, хайрганы карьер олширч, энэ хэрээр экологид сөргөөр нөлөөлж байна. НОСК-ын үйл ажиллагаа эхлэхээр энэ төрлийн бүтээгдэхүүнийэрэлт огцом өсөх байх л даа?

-Үнэндээ түгээмэл тархацтай байгалийн ашигт малтмалыг ашигласан бол нөхөн сэргээлт хийх ёстой. Би ийм зүйлийг хэзээ ч өршөөхгүй гэдгээ хэлье.

Энэ жилээс түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз олгох, цуцлах эрх хуулиараа нийслэлийн Засаг даргад шилжсэн. Хуулиараа хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцална. Ер нь, эрүүл саруул бус иймэрхүү үйл ажиллагаагаа одоо больё. Эх орныхоо ширхэг элс, чулуугаа иргэн нь хайрлахгүй бол хэн хайрлах юм.

Барилгын салбарт  шаардлагатай  түгээмэл тархацтай ашигт малтмал байгаа тохиолдолд боловсруулах үйлдвэрийг нь оруулж ирье л дээ. Ийм байдал үүсгэхгүйн тулд ажлын хэсгийнхэн олон улсын тендер зарлаж, гадаадынхныг татан оролцуулъя гэж ярьсан.  Нэг, хоёр биш хорооллоор нь барих учраас гадныхан барилгын материал үйлдвэрлэх шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулж ирнэ. 1970-1980 онд 3,4 дүгээр хорооллыг барихын тулд оросууд барилгын материалын үйлдвэрүүдийг оруулж ирж л байсан шүү дээ.

-Валютын ханшийн өсөлтөөс улбаалсан эдийн засгийн тогтворгүй байдал барилгын салбарт ч, нөлөөлөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ хөтөлбөр удаан хугацаанд тогтвортой хэрэгжиж чадах уу?

-Мэдээж, энэ эрсдлийг тооцолгүй яахав. Би АНУ-ын Денверт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаад энэ хөтөлбөрөө танилцуулахад бүгд 100 хувь дэмжиж байна лээ. Байрны төлөө гадаадад ажиллаж буй иргэдийнхээ орлогыг эх оронд нь хэрэгтэй зүйлд нь татахын тулд энэ хөтөлбөр хэрэгтэй.

Нэг хүн сард 300 ам.доллар эх орон руугаа явуулбал жилдээ хэдэн ам.доллар хуримтлагдах уу. Гадаадын олон улс оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ хэргийг одоо л гаргах нь байна шүү дээ. Түүнчлэн хот жилдээ 5 500 тэрбумын төсөв баталдаг, 400 мянга га газрыг хамарсан бодлого, шийдвэр гаргадаг. Хөтөлбөрт хамрагдах иргэний нэр дээр сан байгуулчих учраас мөнгийг нь завшина, НОСК дампуурна  гэсэн ойлголт байхгүй.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн шаардлагатай санхүүжилтийг  Ипотекийн корпораци хариуцдаг. Харин хямд, чанараараа далласан орон сууц санхүүжилтээ хаанаас авч, цаашдаа найдвартай баригдах вэ?

-Албан ёсны тоо биш шүү. Ерөнхийдөө, Монголд 527 мянган хүн тогтмол ажилтай бөгөөд жилдээ ойролцоогоор 977 тэрбум төгрөг цуглардаг гэдэг. НОСК-ын үйл ажиллагааг олон хүн дэмжиж байна. Тэр байтугай хот нь иргэдээ орон сууцжуулна гэсэн сургаар гадаадын корпорацийн удирдлагууд ч биднээс зээл авах уу гэсэн санал тавьсан. Гэхдээ бид хаанаас ч зээл авахгүй. Хэрвээ зээл авчихвал НОСК-ын зорилго өөрчлөгдөж, хүү бодох болно шүү дээ. Бид иргэддээ түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Бүтээн байгуулалт өсч  буйтай холбоотойгоор Улаанбаатарт ирээдүйд дэд бүтцийн хомсдол үүсч болзошгүй гэсэн сануулгыг албаныхан өгдөг. Нөгөөтэйгүүр энэ аюулаас гэтэлгэх ДЦС-5 барина гээд таван жилийг үдчихээд буй өнөөгийн нөхцөлд НОСК- ын барьсан барилга үхмэл хөрөнгө болчихгүй байгаа?
Ерөнхийдөө, Монголд 527 мянган хүн тогтмол ажилтай бөгөөд жилдээ ойролцоогоор 977 тэрбум төгрөг цуглардаг.

-Австри улсын Венн хот орон сууцны хорооллуудаа нүүрс түлэн дулаан болон эрчим хүч үйлдвэрлэдэг бага эрчим хүч үйлдвэрлэдэг бага оврын цахилгаан станцтайгаар барьдаг юм байна. зургадугаар сард тус хотод айлчлах үеэрээ бага оврын цахилгаан станцаа манайд нийлүүлэх арга байна уу гэж гуйх санаатай.

Сүүлийн үед дэд бүтцийн гоё технологиуд гарч ирж байна. Хэрвээ Венн хотын технологи орж ирвэл манай нүүрс алт боллоо. Цэвэр байгаль экологид хоргүй технологи. Дунджаар 4,8 сая еврогийн үнэтэй энэ технологи орж ирвэл дэд бүтцийн хомсдолыг шийдэх боломжтой.

-НОСК-ын үйл ажиллагаа гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажил хэр уялдаатай явах юм бэ?

-Уялдана. Ер нь, орон сууцны сангийн зөвлөл гэж байгуулан хаана орон сууц барих эсэхийг шийддэг болно. Яг л ИТХ шиг. Тэр сангийн зөвшөөрлөөр гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай холбогдон явах юм.

-Ажил эрхэлдэг хэн бүхэн хамрагдах боломжтой энэ хөтөлбөрт байртай эсвэл хувиараа бизнес эрхлэгч хүсэлтээ илэрхийлж болох уу?

-Болно. Гол нь, та орлоготой байх ёстой. Энэ сургаар хотод ирээд хашаа хатгах боломжгүй, одоо байгаа иргэдээ л орон сууцжуулна гэдгийг орон нутгийн иргэдэд хэлчихье. Харин энэ орон сууцнаас тэтгэврийн хөгшин өөртөө эсвэл хүүдээ авсан ч болно.

Гагцхүү хүүхэд нь 18 нас хүрэнгүүтээ өөрөө сар бүр төлбөрөө төлөх ёстой. Тэрнээс ажил, амьдралын захад хүрсэн ээж, ааваараа л төлүүлээд байж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр өвлөгч нь хэн бэ гэдгийг тодорхойлохгүй бол хөгшин өнгөрөнгүүт булаацалдвал аюул болно шүү дээ. Эсвэл эхнэр, нөхөр хоёр тусдаа байр авбал гэр бүл салалтын буруутан  болж магадгүй.  Бодлогын  янз бүрийн асуудал бий.

-НОСК үйл ажиллагаагаа хэзээ эхлэх вэ?

-Энэ сард болох НИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаар хөтөлбөрөө хэлэлцүүлээд, ирэх тавдугаар сард бүртгэлийн ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.