Э.Бат-Үүл: Нийслэлд хямд орон сууц барина
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл
2014.02.25

Э.Бат-Үүл: Нийслэлд хямд орон сууц барина

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзаж, энэ онд хийх зарим ажлаа танилцуулан, хороодод тулгамдаж буй асуудлын талаар тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Энэхүү уулзалтад АН засаг барьж буй 106 хорооны Засаг дарга, 46 хорооны намын үүрийн дарга нар оролцсон юм. Нийслэлийн хэмжээнд 152 хороо байдгаас 106-гийнх нь Засаг дарга АН-аас сонгогдсон бол 46 хороонд сөрөг хүчин засаг барьдаг байна. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан өнөөдрийн уулзалтад хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргын хувьд оролцож, намаасаа сонгогдсон хорооны Засаг дарга, үүрийн дарга нарт энэ онд хийж эхлүүлэх гурван том ажлаа танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар уулзалтад оролцож, хариуцсан чиглэлийнхээ дагуу энэ жил нийслэлд хийх ажлуудын талаар Засаг дарга, үүрийн дарга нарт мэдээлэл өглөө. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл уулзалтын эхэнд “Би энэ уулзалтыг намын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах хүсэлт тавьсан.

Хотын Засаг даргын хувьд та бүхэнд энэ жил хийх ажлаа танилцуулна. Энэ жил урд хожид хийж байгаагүй шинэ, онцлог ажил хийж эхлүүлнэ. Энэ ажилд АН-ын гишүүд, дэмжигчид нэн ялангуяа анхан шатны байгууллагууд маш идэвхтэй оролцох ёстой. Тиймээс та бүхнийг урьж уулзаж, энэ ажилд хэрхэн оролцох талаар санал бодлоо солилцъё гэсэн юм” хэмээлээ.

НИТХ-аар 15,2 тэрбум төгрөгийг бичил зээлийн эх үүсвэр болгон баталсан нь нэг хороонд дунджаар 100 сая төгрөг хуваарилагдана гэсэн үг юм. Эрүүл аюулгүй байдлын индексийг хороо бүрээр гаргасан байгаа. Энэ индексийн дагуу дэмжлэг зайлшгүй шаардлагатай хороодод мөнгөний хэмжээг өсгөж хуваарилах юм байна. Тухайлбал, иргэдийнх нь амьдрал ахуй тааруу байгаа хороонд 200-500 сая хүртэл төгрөг хуваарилах боломжтой гэнэ.

Зээлийн журмыг тодорхой болгохоор албаныхан ажиллаж байна.

Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай хариуцаж байгаа аж. Мөн Бичил зээлийн онцлог нь иргэдээс барьцаа нэхэхгүй. Аль нэг банк, захиргааны байгууллага, хорооны Засаг дарга нараар дамжуулж олгохгүй. Тухайн хорооны хөршийн холбооны иргэд цуглаж, энэ зээлийг хүссэн, бизнес хийх сонирхолтой иргэдээ бүртгэж бүлэг болгон хуваана. Тэр бүлгийнхэн хоорондоо ярилцаж байгаад энэ зээлийг өгөх юм байна. Зээлийн эргэн төлөлт сайн байвал ирэх жилээс мөнгөний хэмжээг нэмнэ гэдгийг ч хотын мэр дуулгалаа. Зээлийн журмыг тодорхой болгохоор албаныхан ажиллаж байна.
 
Ерөнхийлөгчийн шаардлагаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хийх ажлыг энэ жил өөр хэлбэрээр хийхээр болоод буй. Жишээ нь, иргэд нийлж, зураг төслөө гаргаж гудамжиндаа зам тавьжээ гэж бодъё. Ийм тохиолдолд мөнгийг нь Орон нутгийн хөгжлийн сангаас нь гаргаж өгнө. Энэ мэт тохижилтын жижиг ажлуудад тендер зарлах явдлыг хална. Хэдий тендерт оролцож ажил гүйцэтгэх эрх авдаг ч хувь хүн, аж ахуйн нэгжүүд мөнгөө аваад ажлаа халтуурдаж хийдэг, эзэнгүй хаягддаг гэх мэт сөрөг үр дагавар их гардаг. Тиймээс иргэд хамтарч өөрсдөө янз бүрийн тохижилтын, бүтэн байгуулалтын ажил хийсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гаргаж өгөхөөр болоод байна. 
  
Нийслэл иргэдээ орон сууцжуулахаар төлөвлөсөн бөгөөд орон сууцны зах зээлд хоёр нийлүүлэгч байна. Нэг нь хувийн хэвшил. Нөгөө нь Төрийн орон сууцны корпорац байх аж. Тус корпорац өнгөрсөн жилээс орон сууц барьж нийлүүлж эхэлсэн. Мэдээж, хувийн хэвшлийнхний барьсан орон сууцны ам.метр нь хамгийн хямддаа 1.5-1.7 сая төгрөг. ТОСК-ийнх нэг сая 280 мянган төгрөг. Тэд иргэдээс 30 хувийн урьдчилгаа төлбөр нэхэж байгаа. Иргэдэд бэлэн хуримтлал байхгүй учир энэ нь бэрхшээл болж байна.

Моргейжийн зээлд хамрагдлаа гэхэд найман хувийн хүү нэхнэ. Тэгэхээр нийслэл орон сууцны гуравдагч нийлүүлэгч болохоор ажиллаж эхэлж байна.  Цалингийн орлоготой хуримтлалгүй иргэддээ орон сууц барьж өгөх зорилготой. Ингэхийн тулд мэдээж, Нийслэлийн орон сууцны корпораци байгуулна. Нийслэлд байгаа орон сууц барих сул газруудыг энэ корпорацийн эзэмшилд өгнө. Нийслэлийн орон сууцны дэмжих сан ч байгуулжээ. Энэ сангийн эхлэлийн хөрөнгийг 15 тэрбум төгрөг хэмээн төсвөөр баталсан аж.

Орон сууцны төлбөрийн тухайд иргэддээ ийм санал тавих нь. Хэрэв Та сар бүр 180 мянган төгрөгийг Нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл 5 жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордер өгнө. Хэрэв сар бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордер авна. Өөрөөр хэлбэл, та нэг, хоёр өрөө орон сууцанд орно гэсэн үг. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа сар бүр үргэлжлүүлж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгана. Тэгсний эцэст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна.

Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч болно. Тэрнээс өмнө орон сууц нийслэлийн орон сууцны корпарацийн өмч байна. Нийслэл ингэж байртай болохыг хүссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхэхгүй. Урьдчилгаа мөнгөө таван жилийн хугацаанд цувуулж авъя гэж байгаа юм. Хүү авахгүй. Үүнийг зөвшөөрвөл иргэд Нийслэлийн орон сууцны корпорацтай худалдан авах гэрээ байгуулна. Үүнийг зохицуулах журмаа хэлэлцэж байгаа.

Ингээд хотын Засаг дарга Э.Бат-Үүл хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонссон юм. Хорооны Засаг дарга нарын олонхи нь тухайн хороонд өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг байхгүй, эдгээр нь байгаа ч хүрэлцээгүй тухай хэлж байв. Түүнчлэн хог хаягдал, орчны бохирдол ихтэй байгаа ч хотын Засаг даргад уламжилсан юм.