Сумын төвийн шинэчлэлд аймгийн засаг дарга нэр хуруу нэмэрлэнэ
"Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан.
2014.03.04

Сумын төвийн шинэчлэлд аймгийн засаг дарга нэр хуруу нэмэрлэнэ

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан.

Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн хоёр, Дорноговь аймгийн нэг суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс БХБ-ын сайд Ц.Баярсайхан аймгуудын удирдлагуудад "Сумын төвийн шинэчлэл" төслийн талаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ.

Тухайн тойргоос сонгогдсон УИХ- ын гишүүн, аймаг, сумдын Засаг дарга нарын санал болон БХБЯ-ны сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой, ойрын таван жилд гадаад, дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн шаардлага хангасан дараах сумдыг сонгосон байна.

Үүнд, Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян- Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумыг шинэчлэхээр тогтжээ.

Харин сумын төвийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтыг батлагдсан төсөвт багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжүүлнэ. Энэ мэт төсөлтэй холбоотой нарийн мэдээллийг аймгийн Засаг дарга нарт салбарын яам нь өгөхөөр болсон.