Баасан гарагт “Ил тод худалдан авалт” өдөрлөг болно
Чингисийн талбайд болно
2014.06.04

Баасан гарагт “Ил тод худалдан авалт” өдөрлөг болно

Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг сурталчлах “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг 06 дугаарын сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Чингисийн талбайд болох уг өдөрлөгийн үеэр 2013-2014 ондуудад төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнгийн талаар мөн худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэд алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнах  юм.

Тендерт оролцогчдын хувьд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, гарын авлага авах, Нийслэл хот болоод орон нутагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл авах, Худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх А3 сургалтад  50 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх, Цахим тендерт оролцох нууцлалын код авах, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөгөө авах боломж нэгэн зэрэг бий болох юм.


Харин иргэдийн хувьд иргэдийн бүлэг байгуулан худалдан авах ажиллагаанд оролцох заавар зөвлөмж, дүүрэг тус бүрд хэрэгжих Олон нийтийн оролцоотой худалдан авалтын жагсаалттай танилцахаас гадна дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.