УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.07.23

Хөдөлмөрийн сайдын томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж байгаа билээ.

Тэрээр өнгөрөгч 19-21-ний өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол өчигдөр буюу Даваа гарагт Өмнөговь аймагт хүрэлцэн иржээ. Тэрээр Өмнөговь аймагт очсон даруйдаа Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдтэй уулзаж, МСҮТ-ийн сургалтын орчинтой танилцжээ.

Өмнөговь аймгийн хөдөлмөрийн хэлтсээс өнгөрөгч онд нийтдээ 13 төслийг шалгаруулж, 500 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөө тэдгээрээс Ханбогд суманд 1, Баяндалай суманд 1, Даланзадгад суманд 11 төсөл хэрэгжиж, үүний үр дүнд 80шинэ ажлын байр бий болсон үзүүлэлттэй байна.

Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэдээ сургалт, зөвлөгөө, мэдээлэлд хамруулан ажиллаж байгаа ажээ.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Нарантуяа:

-Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс иргэдээ төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамруулах зорилгоор хоёр ч хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Дээрээс мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор манай мэргэжилтнүүд сум, хорооныхоо өрхүүдээр явж ажилгүй байгаа иргэдийг бүртгэн, ямар учир шалтгааны үүднээс ажилгүй байгааг судалж байна.

Үүн дээрээ үндэслэн иргэдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж, ажилгүйдлээс хэрхэн гарах арга замыг хамтдаа эрэлхийлэн, орон нутагтайгаа хамтран хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна.

Хөдөлмөрийн сайд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар 15 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Р.Пагаажавынд зочиллоо.

Тэрээр 2013 онд төсөл бичиж, аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст хандсанаар дэмжигдсэн бөгөөд одоогоор 6 ажлын байр бий болгосон байна. Авсан зээлээ үйлвэрлэлээ өргөжүүлэх үүднээс ажлын байр барьж, саалийн үнээ худалдан авсан гэлээ.

ЖДҮ эрхлэгч Р.Пагаажав:

-Миний хувьд өнгөрсөн долоон сард 15 сая төгрөгийн зээл авсан. Зээлээрээ цехийн тоног төхөөрөмж худалдан авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Бас үхэр худалдаж авсан. Одоогийн байдлаар 19 үхэртэй, 11-ийг нь сааж байна. Нэг саалтаар 50-60 литр сүү сааж байгаа. Хөдөлмөрийн хэлтсээс авсан зээл миний хувьд ихээхэн дэмжлэг болж, 6 ажлын байр нэмэгдүүлээд, хэн хэндээ тус дэм болж л байна.

Үүний дараагаар Мах, махан бүтээгдэхүүн, хиам, элгэн нухаш, үйлдвэрлэдэг“Батбаян-Уул” ХХК-ны үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани өнгөрөгч онд 5 жилийн хугацаатайгаар 50 сая төгрөгийн зээлд хамрагдаж, 4 ажпын байр шинээр бий болгосон байна.

Батбаян-УулХХК-ны захирал Б.Мөнхболд:

-Манай компани мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2013 онд хөдөлмөрийн хэлтэст хандаж, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл 50 саяыг авсан.

Зээлийн хүү болоод тавигдах шаардлага, эргэн төлөгдөх нөхцөл мэдээж маш уян хатан байсан. ЖДҮ эрхлэгчдэд тохирсон таатай нөхцөлтэй гэж бодож байгаа.

Манай компаний хувьд энэ санхүүжилтээр тоног төхөөрөмжөө шинэчилж, байр саваа томруулсан гээд их л зүйлийг бүтээсэн. Ирээдүйд улам үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангана гэдэгтээ итгэлтэй байгаа.

Харин аймгийн ЗДТГ-аас аймгийнхаа эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой болгоход ихэд анхаарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа энэ үеэр Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н. Жамьянхорол танилцуулж байлаа.

Тэрээр "эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл боловсруулж 30 сая төгрөгййн буцалтгүй тусламж олгосны дүнд 30 ажпын байр шинээр бий болсон" гэдгийг онцоллоо. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ЖДҮ эрхлэгчидтэй уулзсаны дараагаар Дундговь аймгийн зүг хөлгийн жолоо заллаа.