Жолоочийн даатгалын талаарх цогц мэдээллийг агуулсан “Авто дорцов” аппликейшн гарчээ
2014.09.17

Жолоочийн даатгалын талаарх цогц мэдээллийг агуулсан “Авто дорцов” аппликейшн гарчээ

Жолоочийн даатгалын гэрээ, нөхөн төлбөрийг онлайнаар хийх цогц системийг Албан журмын даатгагчдын холбооноос боловсруулж өнгөрөгч долдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн.

Тус холбооноос Жолоочийн даатгалын тухай хуулийн үйлчилгээг даатгуулагчид ойртуулах зорилгоор ухаалаг утасны “Авто дорцов” нэртэй аппликейшнийг гаргажээ.

Тус аппликейшнийг татаж авснаар жолооч жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний хугацаагаа шалгах, даатгалын хураамжаа тооцоолохын сацуу замын ачаалал, авто засвар болон шатахуун түгээх газрын хаяг зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой юм.

Энэхүү мэдээллүүдийг авч байхыг хүсвэл тухайн жолооч Андройд болон iOS системтэй ухаалаг гар утасныхаа Плэй стор /Play store/, Апп /App store/-оос “жолоочийн даатгал”, “joloochiin daatgal”, “дорцов”, “даатгал” гэсэн түлхүүр үгнүүдээр хайж суулгана.

Агуулагдах мэдээллүүдийн хувьд “Авто дорцов” аппликейшн нь Машины дорцов, Жолоочийн дорцов гэсэн үндсэн хэсгээс бүрдэх аж. Тухайлбал,

Машины дорцов /Хувийн хэвшлийн байгууллагууд/:

-Засвар /Засварын газрын байршил, утасны дугаар/

-Сэлбэг худалдаа

-Суудлын бүрээс

-Зар /Зар нэмж оруулах боломжтой/

-Үзэсгэлэн

-Автобусны чиглэл

-Машин угаалга

-Лизинг

-Жолооны курс

Жолоочийн дорцов /Төрийн байгууллагууд/:

-Жолоочийн даатгал /Жолоочийн хариуцлагын даатгалын мэдээлэл/

-Torguuli.mn /Замын хөдөлгөөний дүрэс зөрчсөний торгууль/

-Smart car /АТӨЯХ-ийн татвар, оношлогоо, албан журмын даатгалын мэдээлэл/

-АТҮТөв /оношлогоонд орсон мэдээлэл, оношлогооны төвийн мэдээлэл/

-Даатгал /Даатгалын компаниудын мэдээлэл/

-Мэдээ /холбогдох мэдээлэл/

-Хэрэгцээт утас /Шаардлагатай утасны дугаар/

-ШТС /Шатахуун түгээх станцуудын байршил/

-Зөвлөгөө /Хэрэгтэй зөвлөгөө/ зэрэг мэдээллүүд багтжээ.

Сануулахад, жолоочийн хариуцлагын даатгалын гол зорилго нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, зам тээврийн ослын хохирогчийн хохирлыг түргэн шуурхай барагдуулахын тулд төрөөс авч байгаа арга хэмжээ юм.

Даатгалд хамрагдаагүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хуулиар  хориглосон байдаг.

Харин тухайн жолоочийг даатгалын хугацаа дууссан үед осол гаргаж эдийн засгийн хямрал гаргахаас сэргийлж дээрх аппликейшийг гаргасан юм байна.

Манай улсын хувьд нийт 675 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 580 мянга орчим жолооч даатгуулсан байдаг аж.