Даатгалын салбарынхан 4 өдөр номын дуу сонсоно
"Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ" сэдэвт сургалтын багш, оролцогчид
2016.09.26

Даатгалын салбарынхан 4 өдөр номын дуу сонсоно

Сургалт 4 өдөр үргэжилнэ. Уг сургалтыг Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо хамтран зохион байгуулж байна. "Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ" сэдэвт сургалт 3 өдөр дараалан салбар хэлэлцүүлгээр өрнөж, 4 дэх өдрөө дүгнэх юм.

Өнөөдөр сургалтыг нээж, Санхүүгийн Зохицуулах хорооны Даатгалын бодлого зохицуулалтын газрын дарга М.Өлзийбат, Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн, Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ойбек Н. Халилов болон БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Хун Чоль үг хэллээ. Нээлтийн арга хэмжээг Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаа удирдаж, сургалтын зорилго ач холбогдол, зохион байгуулалт зэрэг суурь мэдээлэл өглөө. 

Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаа

"Өнөөдөр дэлхий нийтээрээ гэнэтийн, болзошгүй саад бэрхшээл, хохирлыг даван туулах хамгийн зөв шийдэл бол даатгал гэдэгтээ санал нийлж байна. Манай улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа ч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай байна.

Тиймээс даатгалын салбарын хуулиудыг шинэчлэн боловсруулах, мэргэжилтнүүд, Даатгалын хохирол үнэлэгчид, нөхөн төлбөрийн ажилтнууд, борлуулагчид, даатгалын зуучлагчид, төлөөлөгчдийн ур чадварыг дэвшүүлэх, боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна." 

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн

"Манай бизнесийн удирдлагын салбарын профессор н.Энхтуяа тэргүүтэй багш нар, салбарын эрхлэгч санаачилга гарган  энэ удаагийн сургалтыг хамтран явуулж байна.  Салбар салбарын менежментийн ахисан түвшний сургалтыг эрхлэх зорилгоор хөрөнгийн үнэлгээний магистрын сургалтыг өнгөрсөн хугацаанд бэлдэж ирсэн. Энэ ангид ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ гэсэн хичээл ордог болсон нь өнөөдрийн сургалттай холбогдож байна. Тиймээс хохирлын үнэлгээчдэд чухал ач холбогдолтой сургалт болно гэж бодож байна."  

Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч О.Н.Халилов

"Монголын даатгалын зах зээл хөгжиж байна. Даатгалын компани бол даатгагч, даатгуулагч хоёрын хоорондын харилцаа бол хохирол үнэлгээчдийн байгууллага нь хараат бус, бие даасан, мэргэжлийн ёс зүйтэй, хэрэглэгчээ дээдэлсэн, ямарваа нэг луйврын шинжтэй үйл ажиллагаанд оролцдоггүй, ийм үйл ажиллагааг илрүүлдэг байх ёстой. Монголын нөхцөлд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал зонхилж байна. Тиймээс цогц даатгалын хохирол үнэлгээг тооцдог мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байна."  

БНСУ-ын Хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Хун Чоль

"БНСУ-ын хохирол үнэлгээ болон даатгалын систем нь дэлхийд дээгүүрт тооцогддог. Монгол болон Солонгосын хохирол үнэлэгч байгууллагууд 2011 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Монголд 4-н удаагийн уулзалт, 2 сургалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар дамжуулж, цаашид хоёр орны хохирол үнэлгээчдийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Солонгос улсын даатгалын тогтолцоо, хохирлын үнэлгээ дэлхийд сайшаагддаг гэдгийг мэднэ. Дэлхийн түвшинд хүрсэн стандартыг Монгол Улсад нутагшуулах гэж байгаадаа маш их баяртай байна. Хэдийгээр зав муутай байсан ч Монголын даатгалын мэргэжилтнүүд сургалт явуулахаар ирсэн 4 багшдаа баярлалаа. Манай 4 багшийн хичээл зүтгэл та бүхний ажилд түлхэц болно гэж найдаж байна."  

Санхүүгийн Зохицуулах хорооны Даатгалын бодлого зохицуулалтын газрын дарга М.Өлзийбат

"Манай хорооны зүгээс иргэд, даатгагч нарт даатгалын хохирол үнэлэх явцыг түргэн шуурхай үзүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зорилгоор хохирол үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудыг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар зах зээлд даатгалын хохирол, үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй 30 аж ахуйн нэгж ажиллаж байна. Цаашид бид даатгалын хохирол, үнэлгээтэй холбоотой асуудлыг улам нарийвчлан, олон улсын стандарт нийцүүлэх, даатгалын мэргэжлийн оролцогчдын ёс зүйг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад анхаарах болно. Даатгал, хохирлын үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ыг чадавхжуулах шаардлага тулгарч байна."          

Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр

"Солонгосын даатгалын салбарыг төлөөлөн ирсэн зочдод баярлалаа. Энэ жилийн сургалтыг зохион байгуулахад Албан журмын даатгагчдын холбоо хамтран ажиллаж байгаа нь энэхүү сургалтын хамрах хүрээг өргөтгөн, ач холбогдол нэмж байна. Өнгөрсөн жилийн сургалт "Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлыг хэрхэн тооцож үнэлэх тухай арга аргачлал" сэдэвтэй болж байсан. Өмнө нь хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр хэмжиж болохгүй гэсэн уламжлалт ойлголт байсан бол одоо энэ сэтгэхүй аажим аажмаар өөрчлөгдөж, хууль шүүхийн практикт тулгамдсан асуудал болоод байна. Энэ жилийн сургалтаар Солонгос улсад хүний амь нас, эрүүл мэндийн даатгал, арилжааны даатгал, түүний дотор албан журмын даатгал ямар байдлаар хэрэгжиж байгаа болон тус улсын даатгалын салбарын хууль эрх зүйн орчинтой танилцаж, манай улс ямар түвшинд байгаа, цаашид юуг анхаарах ёстой олж мэдэхэд чиглэх болно." 

Сургалтын эхний өдөр даатгалын салбарын тухай ерөнхий ойлголт, хууль эрх зүйн зохицуулалт сэдэвтэй болж байна. 

"Даатгалын тогтолцоо, албан журмын даатгал, хохирлын үнэлгээ сэдэвт сургалт"-ын нээлтэд оролцогчид

Тэгвэл маргааш буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн сургалтаар албан журмын даатгалын тухай хөндөх бол сургалтын 3 дахь өдөр хохирлын үнэлгээ тооцох арга аргачлалыг жишээ баримтад тулгуурлан заах юм. Сургалтын хаалт болгож, 9 дүгээр сарын 29-нд салбар хэлэлцүүлэг тус бүрээс гарсан санал, дүгнэлтийг нийт оролцогчид сонсгох бөгөөд сургалтыг амжилттай төгссөнийг батламжлах гэрчилгээ гардуулах юм байна. 

 Ерөнхий суурь ойлголт

2016,09,26-нд болох сургалтын сэдвүүд

Энэ өдөр даатгалын салбарын суурь мэдлэг, мэдээллийг илтгэгчид суралцагсадтай хуваалцана.

Албан журмын даатгал 

2016,09,28-ны сургалтын сэдвүүд

Энэ өдөр Монгол, Солонгос хоёр улсын даатгалын бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцаж, Солонгосын тал мэргэжлийн хариуцлагын даатгалын талаар сургалт орно.

Хохирлын үнэлгээ тооцох арга аргачлал, жишээ

2016,09,27-ны сургалтын сэдвүүд

Энэ өдөр хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хэрхэн үнэлэх асуудалд сургалт чиглэгдэнэ. 

Хэлэлцүүлэг, сорил шалгалт, хаалт

2016,09,29-ны сургалтын сэдвүүд

3 өдрийн салбар хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудаа нэгтгэн танилцуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сертификат гардуулна.