Хямралаас гарахын тулд улстөржих хэрэггүй
Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр гаргана.
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн хямралаас гарахын тулд улстөржихгүйгээр ажиллах хэрэгтэйг онцолсон юм.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг баталлаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?
Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор нь ард түмэнд нээлттэй болголоо гэж бодож байна. Үүний дүнд олон ч тоо баримт нийтэд ил болсон.
Товчхондоо, сонгуулийн өмнө эрх баригчдын бидэнд өгч байсан эдийн засгийн нөхцөл байдлын талаарх тоо баримтууд нэлээд өөрчлөгдөж гарч ирлээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ 88 хувьд хүрээд байна шүү дээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор авсан зээл өнөөдөр төсөвт хүндрэл учруулж байна. Гэвч УИХ-аар төсвийн тодотголыг баталлаа. Одоо эдийн засгийн хямралаас гарах арга замаа тодорхойлох ёстой. Энэ хүрээнд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим тоонд засвар хийх зайлшгүй шаардлага тулгарлаа.
-Монгол Улсын эдийн засаг 2018 оноос сэргэх төлөвтэй хэмээн эдийн засагчид үзэж буй. Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралыг богино хугацааных гэж тодорхойлсон. Тиймээс эдийн засгийн богино хугацааны хямралаас гарахын тулд ямар бодлого баримтлах ёстой вэ?
Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Тиймээс төсвийн алдагдлыг яаралтай бууруулах бодлого баримтлах ёстой. Мөн ирэх онд экспортыг дэмжсэн, татварын бааз сууриа нэмэгдүүлсэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Учир нь ирэх онд гаднаас авсан их хэмжээний зээл, зээлийн хүүгээ төлж чадахааргүй хэмжээнд очих гэж байна.
Тийм учраас энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Монгол Улс энэ хүндрэлийг ойрын 18 сарын дотор даван туулахын тулд бодит тоонуудаа гаргаж тавиад үнэнтэй нүүр тулахаас аргагүй. Нэг ёсондоо бид бодит үнэнээс зугтах аргагүй болжээ.
Одоо энэ бүхэнд ямар нэг улстөржилт, намын харьяалал гэхгүйгээр Монгол Улс энэ хүндрэлийг даван туулах шаардлагын үүднээс хандах хэрэгтэй. Үүний тулд бодитоор гарсан тоо, баримтууд дээр мэргэжлийн хүмүүс зөвлөх хэрэгтэй. Цаашдаа магадгүй 2017 оны төсвийг өргөн барихад зарим нэг хатуу шийдвэр оруулж таарах байх гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
-Тэгвэл 4.4 их наядаар хэмжигдэж буй төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар цаашид ямар бодлого баримтлах ёстой вэ?
Нэгдүгээрт, концессоор болон Хөгжлийн банкны шугамаар хийсэн төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн, санхүүжүүлээгүй, жишиг үнэтэйгээ үнэхээр нийцэж байгаа эсэхийг дахин хяная гэж байгаа юм.
» Ирэх онд экспортыг дэмжсэн, татварын бааз сууриа нэмэгдүүлсэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй.
» Магадгүй 2017 оны төсвийг өргөн барихад зарим нэг хатуу шийдвэрийг оруулж таарах байх гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
» Үргүй зардлуудыг танах байдлаар өөрчлөлт хийх ёстой.
Хоёрдугаарт, татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч болохыг судалж байна. Түүнчлэн манайхаас гадагш нь экспортолдог зарим бүтээгдэхүүнд үнийн өсөлт гарах урьдчилсан төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ ирэх онд нааштай байх төлөвтэй.
Үүнийг дагаад тодорхой чиглэлүүд дээр тусгайлсан арга хэмжээ авч, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Мөн төсвийн тэвчиж болох зардлуудыг хязгаарлахаас гадна үргүй зардлуудыг танах зэргээр өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газарт УИХ, намын бүлгээс тодорхой үүрэг, чиглэл өгсөн байгаа. Тиймээс энэ дагуу авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталж гаргаснаар үндсэн ажлаа эхэлнэ.
-Засгийн газар татварын бус орлого нэмэгдүүлэх тал дээр ямар шийдлүүдийг ярилцаж байна вэ?
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал санаачилгууд гарч байна. Гэхдээ энэ Засгийн газар байгуулагдаад ердөө хоёр сар болох гэж байна шүү дээ. Энэ хугацаанд гадна, дотноос шинээр эх үүсвэр татах, бий болгох боломж нөхцөл одоогоор хараахан бүрдээгүй, хязгаарлагдмал байна.
Гэвч гар хумхин суугаа гэж ойлгож болохгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгайлсан хөтөлбөр гаргахаар Засгийн газар ажиллаж байна. Тус хөтөлбөрийг намрын чуулганы эхээр хэлэлцэн баталж таарах байх. Энэ хүрээнд бид иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой санал санаачилгуудыг гаргаж байгаа. Тэр бүгдийг Засгийн газрын түвшинд авч үзээд боломжтой гэвэл хэрэгжүүлэх байх.
-Тэвчиж болох зардалд УИХ-ын гишүүдийн зарим нэг зардлыг оруулах ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд багагүй байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
УИХ-ын гишүүдийн зардалтай холбоотой буруу зөрүү мэдээлэл байна лээ. Би энд тайлбар хийе. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн зардал мөнгийг ч бас бусад төрийн байгууллагатай адил танасан явж байгаа шүү. Өөрөөр хэлбэл томилолт, бичиг хэрэгтэй холбоотой зардлыг танаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх шийдвэр гаргасан. Одоогоор УИХ-ын гишүүн туслах болон бие төлөөлөгч, зөвлөхтэй ажиллаж байгаа. Энэ таван хүний цалин УИХ-ын гишүүдийн зардлын бараг 90 хувьд хүрдэг.
Цаана нь орон нутгийн томилолт болон бичиг хэргийн багахан зардал үлддэг юм. Ингэж нэгт нэгэнгүй хэлэхгүй бол буруу зөрүү мэдээлэл цацагдаад байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүд ойролцоогоор сард 60-аад мянган төгрөгөөр утсаар ярих эрхтэй байдаг. Энэ мэт нарийн тоог удахгүй олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой гэж бодож байна.