Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулахад таатай орон гэдгээ дахин нотолно
Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалт
2016.09.20

Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулахад таатай орон гэдгээ дахин нотолно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ. 

Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хатагтай Элчин сайд,

Хатагтай ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ээлжит уулзалтад оролцож байгаадаа баяртай байна.  

Монгол Улсын Засгийн газрын зүгээс ‘АмЧам Монгол' байгууллагатай уулзаж ярилцдаг, хамтран ажиллаж ирсэн, цаашид ч Монгол улсад бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг зохистойгоор шийдвэрлэх талаар хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд өнгөрсөн сард АмЧам Монгол”-ын ээлжит уулзалтад оролцож, эдийн засгийн гадаад бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар Та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн.

Энэ удаад би Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж эхлээд байгаа макроэдийнзасгийн бодлогын зарим арга хэмжээний талаар та бүхэнд товч танилцуулъя.

Шинэ Засгийн газар бүрэлдэн байгуулагдаад, ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлын чуулганаар саяхан батлуулсан. Удахгүй ирэх 2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байна.

Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байна.

Үүний тулд эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг төрөөс дэмжиж, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

1.Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн сэргээх,гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь эдийн засгийг дахин сэргээхэд онцгой  ач холбогдолтой байна. Үүнд:

·  Олон жилийн турш хэлэлцээ хийж, шийдэгдээгүй байсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай ­Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохиролцож, саяхан гарын үсэг зурсан нь хөрөнгө оруулагчдыг дэмжиж буй бодлогын нэгэн тод илрэл гэж үзэж байна.

·  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

·  Шинээр байгуулагдсан Үндэсний хөгжлийн газар нь улс орны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, томоохон хөрөнгө оруулалтын төслийг  боловсруулах, санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

·  Монгол Улсын экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх болон олон улсын хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

2. Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаашид ч эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг чухалчилж, шаардлагатай өөрчлөлт хийхдээ эрх ашиг нь хөндөгдөх этгээдтэй санал солилцож шийдвэрлэх зарчмыг баримтална. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлэх болно.

·  Энэ ажлын хүрээнд АмЧам Монгол болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Бизнесийн зөвлөл зэрэг байгууллага, мөн зарим аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн Гарал үүслийн гэрчилгээний талаарх санал гомдолд бид онцгой анхаарал хандуулж байна.

·  Засгийн газрын зүгээс худалдааг дэмжих, хөнгөвчлөх үүднээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болох “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т нэгдэн орж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Уг хэлэлцээр нь гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй орнуудад техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

·  Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх болно.

·  Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

3. Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн интеграцчлал, экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх үүднээс олон улсын худалдааны хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Монгол Улс, Япон Улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид ч бид худалдааны гол түншүүдтэйгээ олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох чиглэлээр шаргуу ажиллах болно.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор манай улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйлст өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд Засгийн газрын зүгээс энэхүү ерөөлийг бодит үйл хэрэг болгохын төлөө бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.

4. Аливаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв, тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Монгол улсад ийм эдийн засгийн орчин нөхцөл байсан уу гэвэл байсан.

Харамсалтай нь зарим нөхцөлд бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хязгаарласан, тэднийг ойлгомжгүй байдалд оруулсан бодлогын шийдвэрүүд гаргаж байсан тохиолдол гарч байсан. Энэ талаар хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газар, УИХ-д хандан удаа дараа санал, хүсэлтээ гаргаж иржээ.  

Эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдаа буурахад гадаад зах зээлийн орчин нөлөөлсөн хэдий ч дотооддоо бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын зүгээс гарч болох үр дагаврыг нь дутуу тооцсон, үндэслэл тооцоолол муутай шийдвэрүүд гаргаж байсан нь эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлсөн гэж манай судлаачид үзэж байна.

Эдийн засгийн сааралт нь нийт эдийн засаг болон бизнес эрхлэгчдэд ихээхэн таагүй нөлөөлөл үзүүлж, төлөвлөж байсан олон сайхан бизнес төлөвлөгөөг нь сааруулах, хойшлуулахад хүргэсэн.

Гэсэн хэдий ч бид саар зүйлээс бас сайн тал, гэрэл гэгээг нь олж харахыг хичээж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засагт тулгараад байгаа хямралт байдал нь төр засгийн зүгээс ч, бизнес эрхлэгчдийн хувьд ч олон зүйлийг эргэж өөрөөр харахад хүргэж байна.

Тухайлбал:

Зөвхөн гадаад орчин, түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурласан өрөөсгөл бүтцээр хөгжих боломжгүй, Үнийн өсөлт, экспортын орлого нь эцэс төгсгөлгүй өсөн нэмэгдэх боломжгүй тул нийгмийн халамжийн зарлагыг эцэс төгсгөлтэй, өсөлт, бууралттай хэрэгжүүлдэг байх ёстой, Түүхий эд, мөнгөн хөрөнгө, ажиллах хүчээс гадна цаашдын хөгжлийн эх сурвалж болгон ашиглаж болох олон шинэ эх сурвалж, нөөц боломжууд Монгол улсад дүүрэн байгаа гэдгийг бид энэ цаг үед дахин эргэн харж байна.

Монгол Улс бол бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн, хөрөнгө оруулалтад тааламжтай улс орон гэдгийгээ бид дахин нотлох болно.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Америкийн бизнес эрхлэгчид болон АмЧам байгууллагын гишүүд та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр