МТШХХГ, ТАЗ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2014.10.16

МТШХХГ, ТАЗ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Мэдээллийн технологийн үндэсний парк нь МТ-ийн хөгжлийг дэмжих, мэргэжилтний мэдлэг боловсролын түвшинг олон улсын түвшинд гаргах зорилгоор МТ-ийн инженерийн шалгалтыг зохион байгуулж ирсэн билээ.

Энэ ажлыг цаашид өргөжүүлж бүх нийтийн МТ-ийн суурь мэдлэгийн стандартыг боловсруулах, түүнд суурилсан сургалтын агуулгыг тодорхойлох, МТ-д суурилсан шалгалтын асуултын сан байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Төрийн Албаны Зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба нар 2014 оны 10 дугаар сарын 15-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үйл ажиллагаанд МТШХХГ-ын Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Алтансүх, МТҮП-ын ерөнхий захирал Б.Мягмарнаран, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн шинжээч Г.Зоригтбаатар нар байлцлаа.

Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсанаараа Монгол Улсад МТ-ийн суурь мэдлэгийн нэгдсэн стандарттай болж, төрийн албаны шалгалтын Компьютерийн ур чадварын шалгалтыг авахад хялбар болохоос гадна аль ч салбарын хүмүүсийн ажил мэргэжлийн онцлогт тохирсон, нээлттэй эхийн системийг ашиглан төрийн албаны үйл ажиллагааны инженерчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн энэ чиглэлээр шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан гарын авлага, шалгалтын асуултын сан бий болно.