Онцгой байдлын алба гал унтраах иж бүрэн хэрэгсэлтэй болно
ОБЕГ
2014.12.31

Онцгой байдлын алба гал унтраах иж бүрэн хэрэгсэлтэй болно

Монгол Улсын  Засгийн газрын энэ оны отгон хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олголоо. Энэ төслийн хүрээнд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр манай онцгой байдлын албанд гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэгдэх юм. Манай улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин ажиллаж байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэгдсэн, эдэлгээний норм хугацаа дууссан техник юм байна.