Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал төсөлд гарын үсэг зурлаа
Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газар, хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” Төслийн санамж бичигт 3 тал гарын үсэг зурлаа.
Төсөл нь 2014 оны 11-р сараас 2015 оны 12 сар дуустал хугацаанд Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжих юм.
Тус төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхдээ гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшиг, онцгой байдлын өмнөх болон дараах үед хүүхэд хамгааллын чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах тал дээр анхааран ажиллана.
Энэхүү төсөлд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээг хийж сурах, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэх юм.
Төсөлд хамрагдах байгууллагуудад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулан тодотгох, ажилтан, албан хаагчдад аврах ажиллагааны дадлага олгох сургуулилтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжинд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг тусгах тал дээр анхааран ажиллах юм. Мөн гамшиг, аюул ослын тухай олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл, сурталчилгаа бэлдэн олон нийтэд хүргэх зорилоготой юм.
Хүүхдийн төлөө үндэсний газар