НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024.08.16

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Манай улс Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бодлогын 4 том реформ хийхээр тусгасны нэг нь ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО юм.

Бид нийгмийн халамжийн бус хамгааллын тогтолцоог хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд уулзалтын үеэр суурин төлөөлөгчтэй энэ талаар харилцан саналаа солилцсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Азийн хөгжлийн банктай хамтран 3 том төсөл хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэн билээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Дундговь, Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төвийг нээсэн бөгөөд төслийн хүрээнд 61 төрлийн 200 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Цаашид дэмжих төвүүдээ тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, үр өгөөжийг нь илүү олон хүнд хүртээх хэрэгтэй юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байр, амьдрах орчныг сайжруулж, ур чадварыг нь зөв үнэлж, ирээдүйд бие даан амьдрах нөхцөлөөр хангах зорилт дэвшүүлэн ажиллана. Мөн ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний төвийн шинэ загварыг Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төвийг 21 аймагт байгуулахаар төлөвлөж байна.

Мөн нийгмийн ажилтны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох, хөгжлийн бэрхшээл, ур чадвар, өрхийн орлого, ядуурал тооцох аргачлалыг ICF буюу олон улсын ангиллын дагуу зөв үнэлж, зорилтот бүлэгтээ хэрэгжүүлэн эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллын ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Куолин дээр дурдсан төслүүдээ үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан