2025.05.07

О.Саранчулуун: Хүүхэд гэмт хэргийн хохирогч болсны ДАРАА биш ӨМНӨ нь сэргийлэх үүргийг НИЙГМИЙН АЖИЛТАН хүлээдэг болно

Монгол Улсад 1.2 сая хүүхэд байгаагийн 30 хувь нь бага орлоготой өрхөд амьдарч байна. 150 мянга гаруй ахмад буюу хоёр ахмад тутмын нэг нь хүнд нөхцөлд байна. Мөн 120 мянга орчим дэмжлэг хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий. Эдгээр хүмүүст зориулсан төрийн үйлчилгээ нийгмийн халамж хамгааллын салбар болон эрүүл мэндийн салбар хоёроор дамждаг. Тэр үүрэг НИЙГМИЙН АЖИЛТНААР дамжиж иргэдэд хүрдэг.

Нийгмийн ажилтан бол эрсдэлээс  сэргийлэгч юм

Хүүхэд хүчирхийлэлгүй, эрсдэлгүй орчинд өсөх ёстойг хянаж шалгаж, шаардлага тавьж, хамгаалдаг ажил бол нийгмийн ажлын үйлчилгээ юм. Харин манай улсад эсрэгээрээ хүүхдийн хүчирхийлэл болсны дараа, зодуулсны дараа, амь насаа алдсаны дараа арга хэмжээ авдаг.

Гэтэл одоогийн хуулиар ямар нэгэн хэрэг төвөг гараагүй байхад нийгмийн ажилтан гэрт нь очиж шалгах боломжгүй. Заавал эрсдэл үүссэн тухай дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд очдог. Тиймээс энэ хуулийг баталснаар нийгмийн ажилтнууд эрсдэлт бүлгийн хүмүүсийн эрхийг зөрчигдөхөөс нь сэргийлэх боломжтой болно хэмээн Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцолж байна.

Энэ асуудалтай холбоотой АНУ-д амьдарч байсан монгол гэр бүлийн жишээг бий.

Монгол үндэстний тамхилах ёсонд бага насны хөвгүүдийн боожгойг үнэрлэж тоглох, мөн үнсэж эрхлүүлэх нь хэвийн зүйл. Гэтэл 3 настай хүү цэцэрлэг дээрээ аавыгаа ийн эрхлүүлдэг болохыг яриан дундаа дурдсаныг нийгмийн ажилтнууд бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж үзээд шалгахаар гэрт нь ирсэн байж. Соёл, ёс заншлын ялгаа болохыг хэдий тайлбарласан ч том сануулга өгсөн байдаг. /Эх сурвалж: A little Mom подкаст/

Олон улсад энэ нөхцөл байдлыг 100 жилийн өмнө ойлгоод судлаад, нийгмийн ажлын мэргэжил нь 50 жилийн өмнө үүсээд мэргэшээд, тусгайлсан хуулиараа зохицуулж ирсэн.

Монгол дахь Нийгмийн ажлын асуудал 

Харин Монгол Улсын хувьд 13 хуульд нийгмийн ажлын тухай заасан байдаг ч хоорондын уялдаа холбоогүй, цогцоор нь, цэгцтэйгээр тодорхойлоогүйн улмаас энэ салбарт ажиллаж байгаа 6000 гаруй нийгмийн ажилтны эрх хөндөгддөг. ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрхийн байдлын 19-24 дэх илтгэлүүдэд нийгмийн ажил үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх хэрэгтэй байгааг дурдсан. Тэр дундаа нэн тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм эдийн засгийн эрх зөрчигдөж байна, хүчирхийлэлд өртөж байна, Амьдралын чанар буурч байна, нэг эрсдэлээс хоёр дахь эрсдэл бий болоод байгааг бүтэн таван удаагийн илтгэлд тусгажээ.

Нийгмийн ажилтантай амьдралынхаа хамгийн хүнд хэцүү нөхцөлд орсон хүмүүс уулздаг. Гар дор хэрэглэгддэг нөхцөл байдлын үнэлгээ хийдэг компьютер, принтер, гар утасны нэгж, ганцаарчлан уулзах тусдаа өрөө байдаггүй. Ядарсан хямарсан хүнд уулгах аяга цайны мөнгийг хүртэл өөрөөсөө л гаргадаг. 

Нийгмийн "сул дорой" бүлэгт хөгжлийн онцлогоос нь хамаараад алхам тутамд бэрхшээл тулгардаг. Харааны бэрхшээлтэй хүмүүс ямар автобус ирж байгааг харж чадахгүй, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэх боломж байхгүй зэрэг хүний амьдралын хамгийн наад захын харилцаанд оролцох боломжгүй байдаг.

Тиймээс нийгмийн хамгаалал, халамжийн салбарт яг энэ үйлчилгээг нь гардан гүйцэтгэж ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудынхаа мэргэжлийн асуудлыг, ёс зүйн хэм хэмжээг нь хүний нөөцийн асуудлуудыг цогцоор нь шийдэх шаардлага байгааг уг мэргэжлийг эзэмшсэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа Х.Булгантуяа нарын хамт, бусад эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү төслөө бичиж дуусгаад байна.

Нийгмийн ажилтны хууль батлагдсанаар...

Нийгмийн ажлын тухай хуульд нийгмийн ажилтны ганцаарчилсан болон бүлгээр, гэр бүлтэй ажиллах үеийн нийгмийн ажлын цүнх буюу шаардлагатай хэрэгслээр хангах ёстой гэсэн заалтыг оруулжээ.

Нийгмийн ажил нь сүүлийн 100 жилд хөгжихдөө гуманизм буюу хүнлэг хандлага, оношилгооны хандлагаар хөгжиж иржээ. Хамгийн сүүлд хөгжилд чиглэсэн нийгмийн ажил гэдэг онолын концепц бий болсон байна. Энэ нь бүх хүнийг одоо байгаагаас нэг түвшинд дээшлүүлж хөгжүүлэх боломжтой гэсэн агуулгатай. Тийм учраас Монголд хөгжилд чиглэсэн нийгмийн ажлыг бий болгох ёстой. Энэ хуулийн үзэл баримтлал үүн дээр тулгуурлаж бичигдэж байгаа юм.

Хамгийн чухал үр дүн бол төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал үүсэл хаана амьдарч байгаагаас үл хамаараад хүн өөртөө хэрэгтэй үйлчилгээг мэргэжлийн нийгмийн ажилтнуудаас аваад эхлэхээр төрийн үйлчилгээний чанар сайжирч тэд бүхнээс гадна хоцрохгүй.

Хууль зүйн үр дагаврыг нь авч үзвэл олон улсын хүний эрхийн стандарт, нийгмийн хамгааллын зарчимд нийцсэн хуультай болохоор хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа сайжирч, маргааныг үр дүнтэй шийдвэрлэнэ. Учир нь нийгмийн ажлын кэйс үнэлгээ сайжраад ирэхээр хууль зүйн хувьд илүү тогтвортой байдал нэмэгдэнэ гэсэн үг.

Хаана, хэнд эрсдэл байгааг үнэлж чадах юм бол гэмт хэрэг буурна. Тухайлбал, сургуулийн нийгмийн ажлын функц дотор урьдчилан сэргийлэлтийг сайн оруулж өгвөл дээрэлхэлт буурна. Хүүхдүүдийн залуучуудын амиа хорлолт бас буурах ёстой. Сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа ч тэр сэтгэл санаагаар унасан хүүхдийг ажиглаж мэдлээ ч шууд асуудалд нь оролцох эрх зүйн боломжгүй байдаг. Тэгэхээр энэ хуулиар тэр боломжийг нь олгоод өгчихвөл хэрэгтэй үед нь шаардлагатай тусламж үзүүлж чадвал хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах болно.

Мөн нийгмийн ажлын мэдээллийн тогтолцоог зөв хийж чадах юм бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна. Эрүүл мэндийн боловсрол сайжир, иргэд илүү эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж эхэлнэ.

Ийм бодит үр дагаврууд гарсан жишээ олон улсад бий. Монгол Улсад энэ хуулиа зөв зүйтэй баталж чадвал удахгүй дээрх үр дүнгүүдийг үзэх боломжтой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн