Хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарсан бодлого гаргана
Гишүүдийн асуултад С.Эрдэнэ сайд хариулав
2014.12.01

Хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарсан бодлого гаргана

Улсын Их Хурлын Хуралдаанаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

2004 оны бодлогын зорилтыг Монгол Улсын хүн амын одоо, ирээдүйн чиг хандлага, хэтийн тооцоололд нөхцөл байдлын шинжилгээ хийлгүйгээр тодорхойлсон нь бодлого дөнгөж батлагдсаны дараахнаас эхэлсэн хүн ам зүйн шилжилтийн асар том үйл явдал болох хүн ам зүйн цонх үеийг тусгаагүй байгаа тул бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

Х.Болорчулуун: Хэрэгждэггүй бодлоготой, үйлчилдэггүй хуультай төр болчих гээд байна шүү

Төрийн бодлого бол дор хаяж 10-20 жил хөдөлгөөнгүй байх ёстой. Гэтэл манайх хэдхэн жил болоод өөрчлөгддөг. Ингэхээр энэ төрийн бодлого биш болж таардаг. Хүн ам хөгжлийн бодлого гэхэд 8 ил болоод л өөрчлөгдөж байна. Хэрэгждэггүй бодлоготой, үйлчилдэггүй хуультай төр болчих гээд байна шүү. Гэхдээ өнөөдрийн бодлогыг дэмжиж байна. Энэ бодлогод олон зүйл багтана. Үүнд онцгой анхаарах зүйл бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр эрүүл саруул байж маргааш хөгжлийн бэрхшээлтэй болж болно. Энэ хүмүүст хандсан цогц бодлого дутагдаж байна. Тойрогт ажиллаад явж байхад эдгээр иргэдээс хамгийн их гомдол ирдэг. Хуулиар 25 хүртэл ажилтантай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ёстой. Энэ амьдрал дээр хэрэгждэггүй.

Ц.Даваасүрэн: Энэ онигоо арилгах ёстой.

Хүний хөгжлийн бодлогыг ярихдаа бид хүмүүнлэг ардчилсан нийгмийн иргэн ямар байх ёстой вэ гэдгийг бодох ёстой. Хуулийг дээдэлдэг байх ёстой. Хуулийг дээдэлдэг хүн ёс суртахуунтай  байх ёстой. Ёс суртахуунтай хүнийг бий болгохын тулд зургаан наснаас нь эхлэх ёстой. Манайхан хууль зөрчхөөрөө цагдаа дууддаг. Гадныхан бол дүрмээ барьдаг гэсэн нэг онигоо байдаг шүү дээ. Энэ онигоо арилгах ёстой. Жишээ нь зургаан настай хүүхдийг сургуульд сургасанаар хөдөө юу болсон вэ? Гэр бүл салалт үүсэх нэг нөхцөл болсон. Хөдөөнийхөн төвд төвлөрөх шалтгаан болсон. Энэ бодлогоор энэ мэт зүйлсээ шийдэх хэрэгтэй. Тарчиг, ядуу амьдралын тухай нийгмийн халамж талдаа бичиг баримт болчихсон юм шиг..

С.Бямбацогт: Өөрөөр хэлбэл хүн амыг хөгжүүлэх, хамгаалах, халамжлах  бодлого уялдаатай байх боломж алга байна

Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тиймээс монгол хүнээ халамжлах, хамгаалах бодлого хоорондоо уялдаатай, цогц, оновчтой байх ёстой. Энэ баримт бичгийн зорилтыг яаж хэрэгжүүлэх гэж байна вэ. Өнөөдөр эрүүл мэндийн асуудал, соёл биеийн тамирын асуудал, хөдөлмөрийн асуудал, нийгмийн хамгаалал, халамжын асуудал гээд тус тусдаа нэг яам нээр байна. Өөрөөр хэлбэл хүн амыг хөгжүүлэх, хамгаалах, халамжлах  бодлого уялдаатай байх боломж алга байна. Үүнийг хэрхэх вэ?

Д.Оюунхорол: Хүн амын хөгжилд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлсийг яам юм гэж харж байгаа вэ.

Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ  гэдэг зарчим дээр тулгуурлаж асуудлыг харах ёстой. Хот хөдөөгийн ялгааг арилгах асуудал дээр яам ямар бодлого барья гэж бодож байгаа вэ? Зарчмын их том асуудал байгаа. Одоо  ч хот руу нүүх их цуваа зогсохгүй, улам нэмэгдсээр байна. Хүн амын хөгжилд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлсийг яам юм гэж харж байгаа вэ.