Монгол Финляндын засгийн газар хоорондын комиссын хуралдаан боллоо
Эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралд Монголын хэсгийг төөлөөлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал болон албаны бусад төлөөлөгчид, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Матти Анттоненаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Финланд Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийх, хамтарсан комиссын арваннэгдүгээр хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх асуудлыг хэлэлцсэн.
Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар түүний идэвхтэй гишүүн болох Финланд Улстай харилцааг шинэ шатанд гаргах өргөн боломжууд нээгдэж байгааг тэмдэглээд,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, ойн аж ахуй болон мод үржүүлэг, уул уурхай, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын арван нэгдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, батлан хамгаалах, хууль зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Эдгээрээс анхаарал татсан гол асуудлын нэг нь ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай байсан. Энэ хүрээнд Финланд улсын ойн судалгааны институттэй Монгол Улсын БОНХЯ хамтран ажиллах,
Монгол, Финландын комиссын XII хуралдаан
ойжуулах, загас үржүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Ногоон хотхон төслийг хэрэгжүүлсэнээр мод тарих, загас үржүүлэх ажлыг агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн ойн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулахад хамран ажиллахаар харилцан тохирсон.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт цаа бугын аж ахуйг хөгжүүлэх, тоо толгойг нэмэгдүүлэх, цаачдын ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр хамтарсан төсөл болон эдгээр салбаруудад хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, байгальд ээлтэй зам тээвэр болон зам тээврийн өвлийн засвар, арчлалтын техник, технологид туршлага судлах, монголын авто замын инженерүүдийг сургалтад хамруулах зэрэгт хамтран ажиллах юм.
Харин нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны
хүрээнд хоёр орны нийгмийн хамгааллын үйлчилгээний стандартыг харьцуулан судлах, Европын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, нийгмийн хамгааллын судалгаа шинжилгээний Финланд улсын Үндэсний эрүүл мэнд, нийгмийн халамжийн судалгааны институттай байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, нийгмийн маркетинг болон нийгмийн даатгал, гэрээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх төсөлд техник, технологийн тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээн талууд үзсэн.