Уушигаа утаанд дасгах уу, “Утаанбаатар”-аасаа дүрвэх үү?
2014.12.30

Уушигаа утаанд дасгах уу, “Утаанбаатар”-аасаа дүрвэх үү?

Элэг зүрхнээс уяатай энхрий монгол орны минь нийслэл  дэлхий дахинд агаарын бохирдол хамгийн өндөр хэмээн цоллуулах болжээ.

Уг нь уудам тал нутаг, цэнгэг тунгалаг ус, цээж дүүрэн цэвэр агаар монголчууд биднийх л байсан биш үү? ... Эгээ л хорь хүрэхгүй жилийн өмнө аргалын утаа гэж мэдэхээс хор хөнөөлт агаарын бохирдол үүрсгэгч утаа гээчийг  мэдэлгүй амьдарсан ард түмэн бол бид. Өнөө цагт аюулт утаанаас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалж, ямар нэг арга хэмжээ авахгүй бол монголчууд бид хятад, оросоос болж биш агаарын бохирдлоосоо болж устаж үгүй болох аюулт цаг нүүр тулж ирсэн байна.

Монгол улсын агаарын бохирдлын хэмжээ Монгол Улсын Агаарын Чанарын Стандартаас 14 дахин, ДЭМБ-ийн агаарын чанарын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлт гарчээ. Энэ нь Улаанбаатар хотод амьдардаг иргэдийн хувьд агаарын бохирдлын асуудал тэдний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй , эрүүл мэндэд нь ноцтой асуудал болоод байгааг илтгэж байна.

Дэлхийн банкнаас монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гаргасан судалгаагаар агаарын найрлага дахь тоосонцорт өдөр тутам өртөх нь :

-Зуурдын нас баралтын тоог жилд дунджаар 1600-гаар,

- Уушиг , зүрхний өвчлөлөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог 8500-гаар

- Эхийн эндэгдэл, ургийн гажгийн тоо 3650-р нэмэгдүүлж байна гэсэн аймшигт тоо гарчээ.

 Уг нь монгол орон үндсэн хуулиндаа “Монгол улсын иргэн эрүүл , аюулгүй орчинд амьдрах, ОРЧНЫ БОХИРДОЛ, АГААРЫН ТЭНЦЭЛ АЛДАГДАХААС ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ” гэж заасан байдаг ч эхийнхээ гэдсэнд бойжиж буй хөх толбот үрсээ ч утаа гээч мангаст алдсаар л байна.                     

Харин төр улс маань жил бүр л эрэлхэг зоригт “хуягт баатруудаа” \Цэвэр агаар сан, Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаары чанарын алба, Зам тээвэр, Эрчим хүчний яам гэх мэт \ тэрбум тэрбумаар цэнэглэсэн их буу өгөн  байлдуулдаг ч атаат дайсан утааных нь  өмнө өнөөх сум\ хас зуух, өлзий зуух, голомт зуух, дөл зуух , утаагүй түлш ,8 хувийн зээл\ нь  хөөс болон хагаран алга болсон бололтой.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг  гэр хорооллын утаа эзэлж байгаа бол үлдсэн нь авто машины болон аж ахуй нэгж , үйлдвэрүүдийн утаа гэсэн судалгаа байдаг. Үүн дээрээ тулгуурлаад 80 хувийнхаа утааг арилгах гэж зуухийг есөн шидээр нь сольж, болохгүй болохоор нь түлшийг нь өөрчлөхийг оролдож, одоогоор дэд бүтцийн шинэчлэлт ,8 хувийн орон сууцны зээл хүртэл бий болгосон ч утаа нь багассангүй.

 Одоо бид яах вэ? Уушигаа утаанд дасгах уу? Утаанбаатраасаа дүрвэх үү? гэсэн 2 зам удахгүй Улаанбаатарчуудын улаан нүүрэнд тулах нь ээ...