Бат-Үүл.Э 2015.02.12 | Сонин: Өнөөдөр сонин

390 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг нээлтээ хийлээ

390 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 46, цэцэрлэггүй 18 хороо байдаг. Энэ хэрээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нийслэлийнхний толгойны өвчин болсоор багагүй хугацааг үдэж байна. Харин он гарсаар сургууль цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орсон бол өчигдөр мөн хоёр цэцэрлэг нээв.

10 сар хүрэхгүй хугацаанд барив

Нурааж шинээр барихаар болсон цэцэрлэг нийслэлд 10 бий. Эдгээрийн нэг нь Чннгэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэг. ЗХУ-аас Улаанбаатарт ажиллаж байгаа ажилтнуудын хүүхдийг сургах зорилгоор 1957 онд нээж орос буриад багш нар хичээл заадаг байсан тус цэцэрлэг 1985 оноос монгол хүүхдүүд авч эхэлжээ. Харин цэцэрлэгийг нураах шийдвэр өнгөрсөн оны гуравдугаар сард гарч, дараа сард нь үйл ажиллагааг нь зогсоосон аж. Цэцэрлэг барих хөрөнгийг нийслэлийн төсвөөс гарган, “Олон тоосго” компани арван сар хүрэхгүй хугацаанд ашиглалтад оруулжээ.

Хэрэв хүсвэл хэдхэн сарын дотор цэцэрлэг барих боломжтойг үүнээс харж болно. Гэтэл нураах шийдвэр гараад гурав дахь хи- чээлийнхээ жилийг үзэж буй ч барих нь бүү хэл нураагаагүй цэцэрлэг олон бий. 120 хүүхдийн хүчин чадалтай байсан тус цэцэрлэгийг 240 хүүхдийнх болгосон тул зургаан бүлгийг нь 10 болгон нэмжээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудын хүүхдийг энэ цэцэрлэгт хамруулахаар төлөвлөснөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ үеэр хэлсэн. Цэцэрлэгийн орчныг нийслэл болон Чингэлтэй дүүргийн удирдлага, шинээр нээсэн дөрвөн бүлгийг БСШУЯ-наас тохижуулахаар болжээ.

Тус цэцэрлэгт хүү нь явдаг, иргэн С.Бямбадолгор “Цэцэрлэгийг шинээр барих хугацаанд хүүхдээ хувийн болон гэрийнхээ ойролцоох улсын цэцэрлэгт явуулж байлаа. Харьяаллынх биш болохоор улсын цэцэрлэгт хамруулах хэцүү. Ар өврийн хаалга, танил талаараа арай гэж оруулсан. Шинэ цэцэрлэг санасныг бодоход богино хугацаанд баригддаа” гэв.

320 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхдтэй. Гэвч тус хороо нэг ч цэцэрлэггүй байсан учраас цөөн хэдэн хүүхэд л ойролцоо хорооныхоо цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байжээ. Харин өнгөрсөн есдүгээр сард тус хороонд Дэлхийн банкны санхүүжилтээр канад технологийн хоёр цэцэрлэг ашиглалтад орж эцэг, эхчүүдийн магнай тэнийсэн бол гурав дахь цэцэрлэгээ өчигдөр нээв.

Сар гаруйн өмнөөс үйл ажиллагаа явуулах болсон 150 хүүхдийн хүчин чадалтай тус 202 дугаар цэцэрлэгт өдгөө 200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдээс санал авснаар цэцэрлэг барихаар болжээ.

Ийн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 970 гаруй сая төгрөгөөр “isohaus” компанийнхан модон арагт модулийн аргаар цэцэрлэг барьсан аж. Тус компанийн дэд захирал Б.Сүхбаатар “Энэ технологи нь Европ, Хойд Америкт өргөн дэлгэрсэн, манайх шиг эрс тэс уур амьсгалтай, барилгын улирал богино байдаг газарт тохиромжтой юм.

Учир нь улирал харгалзахгүй угсрахаас гадна дулааны алдагдал багатай. Бетонон цутгамал суурьтай. Бид 50 жилийн баталгаа өгч байна. Гурван жилийн хугацаанд ашиглалтыг хариуцаж, засвар хийнэ” гэв. Тус компани жилдээ ийм хэмжээний 8-10 цэцэрлэг барих хүчин чадалтай гэнэ.

Цэцэрлэгийн барилгыг үйлдвэрийн байранд дөрөвдүгээр сарын сүүлчээр барьж бэлэн болгосон ч зөөх, улсын комисст хүлээлгэхэд багагүй хугацаа алдсанаа компанийнхан хэлсэн. Учир нь барилга барих нэг жилийн хугацаанд 320 гаруй гарын үсэг цуглуулжээ.

Баянзүрх дүүрэгт энэ жил дөрвөн цэцэрлэг ашиглалтад орохоос гурвыг нь “isohaus” компани барьж байгаа гэнэ. Дөрөв болон 28 дугаар хороонд барьж байгаа цэцэрлэг Цагаан сарын дараа ашиглалтад орох аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд сургууль байдаггүй. 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барьж эхлээд гурван жил бол- сон ч мөнгөгүйгээс гүйцээж чадаллгүй, ажлаа зогсоожээ.

Үүний учрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодруулахад “2015 оны улсын төсөвт сургуулийн барилгыг ашиглалтад оруулах хөрөнгийг тусгасан. Манай дүүрэгт цэцэрлэггүй есөн хороо бий. Иймээс зургаан хороог сонгон цэцэрлэгтэй болгоход анхаарч, дөрвөн хороог дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэцэрлэгтэй болгож байна гэлээ.