С.Ганбаатар: Эхлээд Монгол эрдэмтэн, шинжээчдээсээ зөвлөгөө авах ёстой
Америкийн хуулийн фирмээс 17 тэрбум 500 сая төгрөгөөр хуулийн зөвлөгөө авах шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй гишүүд гаргасан. Тус асуудлыг өчигдөр, холбогдох Байнгын хороогоор хэлэлцээд гүтгэлэг гэж үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Америкийн хуулийн фирмээс хууль зүйн зөвлөгөө авах гэрээнд С.Баярцогт сайд гарын үсэг зураагүй, гүтгэлэг учраас уучлал гуйх ёстой гэж хэлсэн. Огцруулах саналыг өргөн барьсан гишүүд үнэхээр гүтгэсэн юм уу?
Засгийн газраас 17 тэрбум 500 сая төгрөгийг нэг гэр бүлийн компанид зориулж явуулсан. Ахмадуудын тэтгэврийг нэмэхэд бүтэн жилд 13 тэрбум төгрөгөөр нэмсэн. Энэ мөнгийг нэг гэр бүлд өгөхийн оронд Монголын ахмадууддаа өгөөч ээ гэдэг саналыг анх Төсвийн Байнгын хорооны хуралдаан дээр тавьсан.
Дараа нь бие даагчдын зөвлөлөөс энэ асуудал дээр тайлбар өгөөч гэсэн бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон С.Баярцогт сайдад явуулсан. Явуулсан захиандаа хариу аваагүй учраас УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нартай хамтран огцруулах саналыг оруулсан.
-Огцруулах шалтгааныг тайлбарлаач?
Нэгдүгээрт өчигдөр С.Баярцогт тайлбар хийсэн байна. Тэр бичиг дамжуулж өгдөг зүгээр нэг шуудан зөөгч биш. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Үндсэн үүрэгт нь Засгийн газар, УИХ-ын хоорондын ажлыг эрхэлнэ гэж заасан байгаа. Энэ ажлаа хариуцлагатай хийх ёстой.
Хоёрдугаарт 17 тэрбум 500 сая төгрөгийг “Оюу толгой”-н асуудал дээр зөвлөгөө авна гэж өгсөн байна.
Эхлээд Монгол эрдэмтэн, компаниуд, шинжээчдээсээ авах ёстой. Яагаад заавал хоёрхон хүнтэй, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниас авсан юм бэ.
Өчигдөр тайлбар хийхдээ Засгийн газрын 274 дүгээр тогтоолыг дурьдсан байна билээ. Энэ тогтоол дээр Хөгжлийн банкнаас энэ мөнгийг аваад гадаадын компанид өгч байгаа бол Хөгжлийн банкны зээлийн хороогоор орсон шийдвэр нь байх ёстой.
274 дүгээр тогтоолд тухайн үеийн Сангийн сайд байсан Ч.Улаан гарын үсэг зураагүй. Энэ мэтчилэн олон хуулийг зөрчсөн байгаа юм. Тиймээс огцруулах асуудлыг тавьсан.
-2015 оны төсөвт энэ мөнгө орж ирээгүй хэр нь тодотголоор оруулж ирсэн гэж байсан?
Тиймээ, 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд батласан 2015 оны төсөвт энэ орж ирээгүй байсан. Тэгсэн хэр нь тодотгол дээр орж ирсэн. Энэ утгаараа мөн л хууль зөрчсөн. Тодотгол дээр шургуулсан.Хэн ч мэдэхгүй, маш жижгээр бичиж оруулж ирээд батлуулах гэж байсныг Төсвийн Байнгын хороон дээр мэдэж санал тавьсан.
-“Оюу толгой”-н гэрээг сайжруулах зөвлөгөө авахын тулд мөнгө төлж байна гэхээр С.Баярцогт сайд муу гэрээ болсон гэснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?
Тийм. “Оюу толгой”-н гэрээ маш том луйврын гэрээ болсон. Үүнийгээ сайжруулья, зөвлөгөө авья гэж байгаа нь зөв. Би бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргаж байж, гэрээгээ байгуулаач ээ гэдэг хүсэлтийг үндсэндээ 10 жил ярьж байна.
Гэхдээ энэ зөвлөгөөг гаднын хүнээс авч болохгүй. Харин өөрсдийн эрдэмтдээсээ асуугаад, тэд гаднаас зөвлөгөө авах ёстой эсэхийг шийднэ. Энэ улстөрчдийн шийдэх асуудал биш.