Жадамбаа.Ц 2015.05.03 | Сайт: Vip76.mn

Хязгааргүй боломжтой цахим сэтгүүл зүй

Хязгааргүй боломжтой цахим сэтгүүл зүй
“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг мэргэжлийн үзэгт нэгтнүүд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Монголын сайтын холбооноос “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” –ыг зохион байгууллаа.

Технологийн гэгдэх 21-р зуунд интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал медиаг дагалдан хүн бүр мэдээлэгч болж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг иргэд гар утсаараа дамжуулан бусдад түгээх боломж бодитой бүрдлээ. Үүнийг дагалдан цахим орчин дахь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны зорилго, үүрэг чиглэлийг өмнөхөөс арай өөр “өнгө төрхөөр” ойлгох шаардлага нийгмийн өмнө тулгарчээ.

Тиймээс форумд оролцогчид Монголын цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг” –ыг батлан гаргахаар болжээ.

Гэхдээ хамгийн чухал нь цахим сэтгүүлзүйн оролцогч гэж хэнийг хэлэх, тухайн орчин дахь сэтгүүлчийн ёс зүй ямар түвшинд байх зэрэг асуудлыг ч хөндсөн юм. Ер нь дотоодын орчинд цахим сэтгүүлзүйг хөгжүүлэн, өргөжүүлэх бүх л боломж нээлттэй байгааг форумд оролцсон Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга Ц.Жадамбаа хэлж байна.

Тэрээр “Цахим орчин дахь хэвлэл мэдээлэл дотор сайт гэдэг зүйл бол сонинтой адил тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Одоо Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас хүртээмжийн тухай асуудлыг ярьж байна. Тэгэхээр интернэт 3G нэмэгдэж улмаар сайт уншдаг, үздэг буюу цахим сэтгүүл зүйн хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн төхөөрөмжийн асуудал гарч ирж байгаа юм.

Интернэт байна, тэгэхээр үүнийг хэрэглэх ухаалаг гар утас, таблетыг хэрэглэх асуудлыг бодлого болгож гаргах хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид цаашдаа хэрэглэгчдийг яаж хямд, чанархай, ухаалаг төхөөрөмжүүдээр хангах вэ гэдэгт анхаарлаа хандуулна” гэлээ.

Монголд интернэт хэрэглэгчдийн 86 хувь хотынхон. Харин аймгийн төвийн иргэдийн 20 хувь, сумын иргэдийн 3 хувь нь интернэт ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Хэдий хэрэглээ нь байгаа боловч төхөөрөмж байдаггүй дутагдал ихээхэн бий билээ. Өөрөөр хэлбэл ухаалаг төхөөрөмжийг иргэд худалдан авахад бэрхшээл тулгарч байгаа юм. Түүнчлэн цахим орчин дахь хэвлэлийн эрх чөлөөний тухайд мөн л хаагдмал байдал бий болох шинж тэмдэг илэрч эхэлжээ.

Хэд хэдэн хуульд хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хандах зүйл заалт багтах оролдлого гарсан. Салбарын зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой зүйлсийг хууль болгон хүндрүүлэх шаардлагагүй гэдгийг ч энэ удаагийн чуулганд оролцогчид хэлж байна. Түүнчлэн цахим мэдээллийг хянан зохицуулах хороо төрийн байгууллага байгаа нь бие даасан байдлыг бий болгож чадахгүй байгаа юм.

Харин сэтгүүлчийн хараат бус байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан бол бие даасан, хараат бус, барагтай л бол нэг зүйлд нэгдэж ордоггүй ийм онцлогтой салбар. Тийм учраас сэтгүүлчдийн хүлээн зөвшөөрдөг тийм байгууллагын түшиглэж байгуулах юм бол Ёс зүйн зөвлөл нь өрөө хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй байгууллага байх юм.

Тийм учраас  60 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд Хэвлэлийн зөвлөлийг байгуулах юм бол нийт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага болно. Ингэсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудал шүүх цагдаагийн түвшинд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагын түвшинд харилцан зохицуулагдаад явах боломжтой” гэдгийг хэллээ. Хамгийн чухал сэтгүүл зүйн аливаа асуудлыг хууль эрх зүйн орчноор зохицуулах хэт нэг талын хэрэг. Учир нь энэ салбарт хууль гэхээс илүү ёс зүйгээр үнэлэгддэг тул энэ төрлийн хэм хэмжээг нь монголд бий болгох нь чухал.

Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид өөрийн тавьсан илтгэлдээСонгууль болохоор, улстөрчдийн зөрчил хурцдахаар, намууд хэрэлдэхээр захиалгат суртал ухуулга түгээж жаахан орлого олдог ядмаг сэтгэлгээнээс, буруутныг буруу үйлдлээр нь, нүгэлтнийг нүгэлт үйлдлээр нь далимдуулан сүрдүүлж хэдэн төгрөг тоншдог ядруу аргаас татгалзах ёстой.

Мэргэжлийн бус байдлаас татгалзах. Ухаалаг бус өрсөлдөөнөөс татгалзах ёстой. Зэрэг зэрэг сонин, сайт гаргаж, ижил төстэй бизнес эрхэлж, хэн нь ч дэвждэггүй байдлаас татгалзаж, нэгдэх хорших, илүү хүчирхэг болох гаардлага байна. Мэргэжлийн анд нөхдийн эв нэгдлийг эрхэмлэн зах зээлийнхээ багтаамжид нийцсэн чансаатай цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохын төлөө одооноос бид хичээмээр байна.

Бидний, Монголын сэтгүүлчдийн тугаа болгох, эрхэмлэн дээдлэх гурван зүйл бол профессионализм, мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлага юм.

Интернэт бол хил хязгааргүй боломж. Интернэтэд суурилсан сэтгүүлзүй бол манай салбарын ирээдүй. Тиймээс бид алсыг харж, цахим сэтгүүлзүйн гараагаа зөв эхлэж, сууриа зөв тавих ёстой” гэдгийг тэнд хуран цугласан ирээдүйн цахим эздэд цохон хэллээ.

Тус анхдугаар чуулганд нийт 800 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ.