НАМЗХ зарчмаа баримталдаг гэдгийг залуус төдийгүй, намдаа харуулна
УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Содбилэг
2015.06.12

НАМЗХ зарчмаа баримталдаг гэдгийг залуус төдийгүй, намдаа харуулна

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Содбилэгтэй ярилцлаа.

-Хэвлэлээр НАМЗХ хагаралдсан гэх мэдээлэл гарах боллоо. Холбооныхон юунаас болж хоорондоо маргалдаад байгаа юм бэ?

Залуучуудын холбоо дотроо хагарч, хэрэлдэж байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна л даа. Энэ бол цөөн хэдэн хүний асуудал. НАМЗХ дүрмийнхээ дагуу ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Саяхан Бага хурал хуралдаж, Их хурлаа зургадугаар сарын 19- 20-нд хийхээр товлосон. XXVII их хурлаас хойш намын дэргэдэх бүх ТББ-ууд их хурлаа хийгээд асуудлуудаа шийдээд явсан.

Уг нь НАМЗХ өнгөрсөн жил Их хурлаа хийх ёстой байлаа. Тиймээс ойрын хугацаанд хуралдуулахаар шийдвэр гаргаад бэлтгэл ажилдаа орсон. 2016 оны сонгуулийн өмнө НАМЗХ яаж ажиллах, ямар бэлтгэлтэй оролцох, ажил үүргээ хэрхэн хуваарилах вэ гэдгээ хамгийн гол нь ярих юм.

-Бага хурал хэдэн гишүүнтэй, ямар асуудлыг шийдэх эрхтэй байдаг юм бэ?

Бага хурал 200 гаруй гишүүнтэй, намын Бага хуралтай л ижил журмаар ажилладаг. Их хурал хуралдаагүй үед Бага хурал хуралдаад асуудлаа шийдээд явах ёстой. Харин томоохон дүрмийн өөрчлөлт, бодлогын асуудлаа Их хурлаараа шийднэ. Сая хуралдсан Бага хурлаас ерөнхийдөө гурван шийдвэр гаргасан шүү дээ.

Нэгдүгээрт, Их хурлаа яаралтай хуралдуулъя гэсэн. Хоёрдугаарт, Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Тэмүүлэнг томилсон. Ерөнхий   нарийн бичгийн дарга Их хурлаа хуралдуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй гэж үзэж ажлын хэсэг гарган ажиллаж байна. Мөн холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гадаадад сурч байгаа болохоор Их хурал хүртэл чөлөөлж, бэлтгэл ажилд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн.

Тиймээс Г.Тэмүүлэн ажлын хэсгийг ахлан бэлтгэл ажлаа хийж байгаа. Холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч ч холбооны зохион байгуулалтын ажилд оролцохгүй.  Их хурал дээрээ уулзаж асуудлаа ярихаар тогтсон. Их хуралд бүх аймаг, салбараас нийт 400 гаруй төлөөлөгч оролцоно. Тэд холбооныхоо өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцаж, цаашид яаж ажиллах, сонгуульд хэрхэн бэлдэх талаар хэлэлцэнэ.

-Удирдах зөвлөлд хэн хэн байдаг юм бэ?

Удирдах зөвлөлд 30 гаруй залуу байдаг. Бүгдийг нь тоочиход хэцүү, гэхдээ нууцалж байгаа хэрэг биш. Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс олон нийтэд ил, холбоо үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг.

-Маргаан дагуулаад байгаа “18-35 насны хүн сонгогдох эрхтэй”гэдэг заалтын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Насыг нэмэх, хасах нь маргаан дагуулаад байгаа гэж би хэлж чадахгүй, Насны асуудлыг хэн ч хөндөж яриагүй, Бага хурлаар ч насны асуудлыг яриагүй.

-Олон нийт залуучуудын холбоо наснаас болж маргалдаад байгаа гэсэн ойлголттой байна шүү дээ.

Энэ гол асуудал биш. Гол нь залуучууд энэ холбоогоо яаж ёс зүйтэй, зөв авч явах вэ гэдэг асуудал. Зарчмаа тодорхойлох, сонгуульд хэрхэн орох вэ гэдэг л чухал. Нас бол зүгээр техникийн асуудал. Их хурлаар насны асуудал орж ирвэл төлөөлөгчид хэлэлцээд л явах байх.

Намд орсон үеэс эхлэн холбоондоо ажилласан олон залуу байна. Тэд элдэв маргаантай асуудал гарсан тохиолдолд зарчмаа баримтлаад явья. Гарсан шийдвэр, тогтоолоо дагаж мөрдөж байя л гэсэн байр суурьтай байгаа.

-Холбооны дүрэмд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж та үздэг вэ?

Ёс зүйн талаас хатуу өөрчлөлт оруулъя. НАМЗХ хэдийгээр ТББ боловч залуучуудын улс төрийн байгууллага. Тиймээс ёс зүйтэй, холбоондоо зүтгэсэн хүмүүсээ ил тод гаргаж ирдэг.

Идэвхтэй гишүүдээ тодорхойлж, тэднийгээ дэмжиж чаддаг хэлхээ холбоогоо тодорхой болгох хэрэгтэй. Дүрэмд ямар өөрчлөлт оруулах талаар дүрмийн ажлын хэсэг гарч дүгнэлтүүдээ бэлтгэсэн. Гэхдээ Их хурлаар хэлэлцэж шийднэ.

-Ёс зүйгүй асуудал холбоонд гараад байгаа болохоор дүрмээ ийнхүү өөрчилж байгаа гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болохгүй. Монгол Улсын нийт хүн амын 60 хувь залуус. Манай холбоо залуустай тулж ажилладаг. Тиймээс холбооны залуус өөрсдөө үлгэр жишээ, ёс зүйтэй, манлайлагч байх үүрэгтэй. Угаасаа ч ингэж явж ирсэн. Хамгийн гол нь ирэх жил сонгууль болно.

Нийт сонгогчдын дийлэнх нь залуус, тэгэхээр тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулахдаа маш тодорхой дүрмийн дагуу явъя. ёсзүй, сахилга бат бүх зүйлээ эргэж харъя л гэсэн. Тэрнээс ёс зүйгүйасуудал гаргаад байгаадаа биш. НАМЗХ зөвхөн зарчим барьж ажилладаг гэдгийг л залуус төдийгүй, нам дотроо харуулж байгаа юм.

-Олон нийтийн дунд холбооны Ерөнхийлөгчийн төлөө Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөөд байгаа юм шиг ойлголт байгаа. Бага хурлаас Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой юу?

Бага хурлын үеэр Л.Оюун- Эрдэнэ Ерөнхийлөгч өөрөө байсан. Хурлын төлөөлөгчдөд хандаж үгээ хэлсэн. Бүгд түүнийг чөлөөлөх шийдвэрийг зөвшөөрсөн.

-Намын удирдлага залуучуудын холбоонд чиглэл өгсөн гэсэн. Ямар чиглэл өгсөн бэ?

Намын дарга Их хурлаа хий. Залуучуудын дунд ямар нэг асуудал байвал байгууллага дотроо Их хурлаараа шийдвэр гаргаж олонхийн шийдвэрийг дагах нь зөв гэсэн үүрэг өгсөн.

-МАН-ын бүлэг залуучуудад хандсан ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Намын дэргэдэх залуучуудын холбооны гишүүний хувьд Н.Номтойбаяр бид хоёр залуучуудын төрийн бодлогын хуулийн төслийг УИХ-д ергөн барьсан. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг Засгийн газраар батлууллаа. Энэ нь залуучуудын хувьд амжилт юм. Ахмад үеийнхэндээ залуучуудын зүгээс барьж байгаа бэлэг гэж ойлгож болно.

Энэ нийгмийг бий болгож хойч үедээ хүлээлгэн өгсөн ахмадуудаа харж хандах ёстой гэсэн манай намын бодлогын нэг хэсэг биеллээ олж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар шийдүүлсэн. Удахгүй УИХ-аар хэлэлцээд дэмжигдээд явах байх. Ер нь манай намын бүлгээс санаачилж өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх нь удаан байгаа. Я.Содбаатар гишүүн бүлгийн хурал дээр энэ талаар ярьсан.