Алдагдалтай ажилласан эсэхээс үл хамааран татвар авах нь зөв ч байж болох юм
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас УИХд өргөн барьсан. Ингэхдээ нэн яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирээд байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох. Энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг өөрчлөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж, урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэдэг мэдээллийг өгч байгаа. Энэ асуудлыг өчигдрийн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАНын бүлгээс завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан МАНын бүлгийн дарга С.Бямбацогтоос цөөн асуултад хариулт авлаа.
-Гацууртын ордыг яаралтай хэлэлцэх горимоор УИХ-д оруулаад ирчихлээ. Тогтоолд тусгаснаар төр 34 хувийг нь эзэмшихээр байгаа юм билээ. Үүнд бүлгийн байр суурь ямар байгаа вэ?
Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулаад, төр 20 хувийг нь эзэмшье гэдэг тогтоол оруулж ирсэн ч УИХ дээр дэмжлэг аваагүй л дээ. Өөрөөр хэлбэл, төр энэ ордод хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн хэрэг. Үүнтэй холбоотойгоор хэлэлцээр хийгээд Засгийн газраас ажлын хэсэг хүртэл гарч байсан шүү дээ.
Ингэхдээ ноён уулын булш бунханг үнэхээр хөндөж байна уу үгүй юү, түүхийн дурсгалт булшнуудыг яахаар байна гэх мэтийг судлахаар ажлын хэсэг гарсан. Ингээд Хүннүгийн үеийн булш бунхан, Ноён уулыг хөндөхгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан гэж Засгийн газраас тайлбарлаж байна лээ.
Тийм болохоор энэ ордыг олборлоё, ингэхдээ 34 хувийг нь төр эзэмшье, төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ нөөц ашигласны тусгай төлбөр байдлаар авъя гэдэг асуудлыг Засгийн газраас оруулж ирээд байна. Энэ асуудалд манай бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан тогтоолыг даваа гаригт нь хэлэлцэж дүгнэлт гаргах боломжгүй учраас ийм шийдвэрт хүрсэн.
-Тэгэхээр Гацууртын ордын хувь эзэмшлийн талд МАН одоогоор ямар нэгэн хувилбар гаргаагүй гэж ойлгож болох уу?
Одоогоор бидэнд ямар нэгэн хувилбар байхгүй. Ямар ч байсан асуудлыг судалж байна. Үүний дараагаар шийдлээ гаргана. Ер нь 34 хувийн оронд тусгай төлбөр авахаар тогтоолд тусгасан байгаа шүү дээ. Бид Оюутолгой дээр хувь эзэмшсэнээр ямар нэг ажилд ногдох хөрөнгө оруулалтынхаа зардлыг гаргах ёстой. Ер нь ногдол ашгаа авах боломж бололцоо бага байна гэдэг яриа байдаг.
Харин үүний оронд олборлолт явуулаад, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж л байгаа бол ашигтай ажиллаж байгаа эсэх нь хамаагүй бид татвараа аваад явах нь зөв юм биш үү гэдэг зүйлийг ярьдаг л даа. Тийм учраас энэ Гацууртын ордын тухайд асуудлыг богино хугацаанд ярьж болох юм.
- Төлбөрийн хувьд хэд байхаар оруулж ирсэн юм бэ?
Одоогоор тогтсон зүйлгүй байгаа юм билээ. Энэ талаар Засгийн газарт үүрэг өгье гэж байгаа. Хэрвээ хувь эзэмшээд ногдол ашгаа авна гэвэл үйл ажиллагааны зардлыг өсгөөд ашиггүй ажиллаж байна гээд ногдол ашиг авч чадахгүй болчихно.
Харин түүний оронд үйл ажиллагаа явуулж л байгаа бол ашигтай эсвэл алдагдалтай эсэхээс үл хамаараад татвараа авдаг нь зөв ч байж болох юм гэж хувьдаа харж байгаа. Нөөц ашигласны төлбөр авна, дээрээс нь өсөн нэмэгдэх рояалти авна. Түүнчлэн хувь эзэмшлийн оронд тусгай төлбөр авдаг байя гэдэг зүйлийг ярьж байгаа юм.