Монгол Ардын нам "Захидал"
Сайн байна уу. Туурга тусгаар ардчилсан Монгол Улсын бүрэн эрхт иргэн Таны болон танай гэр бүлийн амар амгаланг айлтгаж хүүхдийн инээд, төлийн дуу цангинасан дэлгэр зуны мэндийг дэвшүүлье.
Эх орныхоо ирээдүйн төлөө оюун сэтгэлээ зориулахыг уриалж, алсын харааг тань түшиж, амины үгийг тань сонсъё хэмээн илгээж буй энэхүү захидал маань дэлхий дэлэгнэж, дэвжин дээшлэх “ирж яваа" цагт Та бүхэнд хүрч байгаад бэлгэшээн баярланам
Та бидний өвөг дээдэс, аав ээж, ахан дүүстэй 94 жил хамтдаа байж, эх орныхоо хөгжил дэвшлийн түүхийг цугтаа бичсэн Монгол Ардын Нам-Танай гэр бүлд хандаж байна. Энэхүү захидал таны сонголтын “онц бүрэн эрхэнд” нөлөөлөх гэсэн сонгуулийн оролдлого бус, санаа бодлоо солилцох зорилго тээсэн, иргэн нам хоёрыг холбосон нээлттэй гүүр юм.
Өнөөдрийг мэдрэх мэдрэмж ард түмэнд илүү оногдсон байдаг. Ард түмнийг залхаасан, итгэл урмыг хугалсан төрийн бодлого, мөхөсдөж буй эдийн засаг, авлига, ажилгүйдэл, ядуурлын сүүдрийг хүн бүхэн мэдэрч байгаа болохоор энд нурших юун!
Монгол Улс цаашид яах вэ? гэсэн асуултын өмнө гудайн зогсох эрх байхгүйг манай нам гүнээ ойлгож байна. Уламжлал дээр суурилсан бүхий л шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, хүчирхэг Монголыг бид эрэлхийлж байна. Эрсэн, сэрсэн бодол санаа бүхэн бодит биеллээ олдог жамтай.
Монгол Ардын Нам ард олныхоо санал санаачилга, захиас даалгаврыг бодит ажил хэрэг болгохоор “БИД ХАМТДАА” аяныг энэхүү захидлаар өрнүүлж байна. Эрхэм та бүхэн улс орондоо хөгжлийн гарц, дэвшлийн үндэс болохуйц учрыг тунгааж, утгыг таньсан мэргэн санаа бодлоо бидэнд хариу болгон илгээнэ гэдэгт гүнээ итгэнэм. Таны үг хадны цуурай болохгүй, хамтдаа хөгжих гарц болно.
Төр улсыг зөв сэтгэл, шударга зүтгэл, холч ухаан, эр зориг, эхийн сэтгэл, хүн чанар төвшитгөдөг гэдгийг туулж өнгөрүүлсэн буурал түүх бидэнд сургасан.
Бултаар хэлэлцвэл буруугүйн учир нэг хүн, нэг гэр бүлээс эх орон минь эхэлдэг болохоор Танай гэр бүлд ийн хандлаа. Та бүхний урмын үг, ухаарлын шүүмжийн аль аль нь бидний алдаа оноог тэгшитгэж, зөв үйлсийн төлөөх хичээл зүтгэлд ташуур болно. Тулгарах бэрхшээлийн өмнө, туулах замын туршид БИД ХАМТДАА байна.
Гэрийн тань хойморт гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе!