УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.10.03

Дэд сайд гэсэн албыг байхгүй болгож, ажил үүрэг нь давхардсан агентлагыг нэгтгэнэ

Эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын тулд засгийн газар бүсээ чангалсан төсвийг оруулж ирсэн.

Ингэхдээ жирийн иргэдийн цалин тэтгэвэрийг хөндөхгүйгээр харин засгийн газрын урсгал зардлыг доривтой танах чиглэлд томоохон алхам хийхээр шийдсэн байна. Ингэхдээ хамгийн түрүүн дэд сайд гэсэн суудлыг байхгүй болгож ажил үүрэг нь давхардсан зарим агентлагыг нэгтгэж татан буулгах саналыг оруулж ирсэн байна.

Сангийн сайд Х.Болор хэлэхдээ “Зарим нэг байгууллагад орохоор цай цүү хийж өгөөд байдгыг байхгүй болгож, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд нарыг унаагүй болгоно. Бинзен тосноос эхлүүлээд хэмнэлтийг бол хийнэ. Ингэснээр байснаас 1,3 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой байгаа.” Хэмээн ярьлаа.

Дэд сайд нарын цалинд дор хаяж 500 гаруй сая төгрөг зардаг байсан нь ийнхүү хэмнэгдэж байна. Нөгөө талаар ажил үүрэг нь давхардсан баахан агентлагыг нэгтгэж заримыг нь татан буулгаснаар засгийн газрын бүтцийг цомхтгох эхний алхам болж байгаа юм.

Урьд нь есөн яамтай ажиллаж байсан засгийн газар одоо 16 яамтай ажиллаж байгаа. Зарим яамыг 3-4 болгон хуваасан нь төсвийн зардал тэлэх алхам болжээ. Тиймээс төсвийн шинэчлэлийн бас нэгэн зорилт нь эргээд төрийн бүтцийг цомхон болгох тал руу явж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Жишээ нь дэд бүтцийн яам дотроо дөрөв хуваагдсан учир одоо гурван яамаа байхгүй болгох хэрэгтэй” хэмээн хэллээ.

Ирэх жилээс Монгол улс есөн яамтай байх чиглэлээр төсвийн шинэтгэлийг хийхээр ярьж байгаа юм байна. Төсөв хүнд байхад төрийн түшээдийн цалин урамшуулал хэтэрхий өндөр байгаа нь ч бас хэл ам дагуулж байгаа. Тиймээс төрийн болон, улс төрийн албан тушаалтнуудын сүүлийн гурван сарын цалинг 30 хувиар хасахаас хэмнэлтийн уриалга эхэлж байна. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн хоёр улиралын 27 сая төгрөгийг болих чиглэлийг УИХ-ын даргаас өгсөн юм.