Н.Номтойбаяр шиг хүн олон болвол төр сайхан болчих юм биш үү
УИХ-ын чуулган
2015.06.30

Н.Номтойбаяр шиг хүн олон болвол төр сайхан болчих юм биш үү

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч илтгэгч нь ирээгүй, түүнчлэн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүдийг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 6.3 их наяд болж 700 гаруй тэрбумаар тасарсан байна. Үүний гол шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ. Ямар,ямар аж ахуй нэгжүүд дээр төлөвлөсөн ноогдуулалтаа тавьсан татварын төлөлт орж ирээгүй гэдгийг тодруулмаар байна. Бас тодорхой том компаниудыг хэлээч. Мөн үнэхээр сайн төлөлттэй аж ахуй нэгж байвал заавал ч үгүй дурьдах ёстой гэж бодож байна.”

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хамгийн гол эндээс ямар сургамж авсан бэ гэдгээ ярилцах хэрэгтэй. Эдийн засаг маань сүүлийн хоёр жил дарааллаад агшчихлаа. Бид монгол төгрөгөөр жилдээ 5-7 хувиар эдийн засаг өсч байгаа гэж ярьж байгаа боловч гадаад валюттай харьцуулаад үзэхээр бид тасралтгүй агшааж байгаа. Нэг доллартай харьцах 1300 төгрөг хоёр жилийн дараа гэхэд 1900 болсон. Үндсэндээ дотоодын мөнгөн тэмдэгт тавь орчим хувиар суларчихсан.”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд дээр байршуулж байгаа хадгалжийн хэмжээ нийт активийн 25-аас хэтэрсэн нэг ч банк байхгүй. Таны ярьж буй 49 хувь гэдэг тоо хаанаас гарсныг би мэдэхгүй. Жил бүр аудит, мэргэжлийн хяналт ордог. Сангийн яам болон холбогдох хөрөнгө мөнгийг хянадаг бүх байгууллагууд шалгалт хийдэг. Тиймээс ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй.”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яаядаа байз, Дубай явснаас хойш булга сүүлтэй болчихоод гадаадаар явдаг Аялал жуулчлалын яамны мэргэжилтэн болчихоод байна л даа. Гэхдээ хамгийн гол нь төрийн албан хаагчдийг хоморголон халаад, өчнөөнийг нь шүүхээр тогтоогоод баахан мөнгө төгрөг төсвөөс гарсан. Халахын тулд таван тэрбум, авахын тулд хоёр тэрбум гарсан гэсэн.  Тэр буруутай нөхдүүдээр төлүүлсэн юм байна уу. Үүнийг мэдмээр байна”

УИХ-ын гишүүн Д.Ганбат “2008 оноос өмнө бил үү баахан хадгаламж зээлийн хоршоо гэж байгуулагдаад иргэдийн мөнгийг авч бөөн юм болж байсан. Тэр үед нэг нам засаг барьж байсан үе. Дараа нь нилээд хэдэн хууль тогтоомж гарсан. Одоо түүний ажлын хэсгийг нь З.Баянсэлэнгэ гишүүн ахлаад ажиллаж байгаа.Энэ зүйл ер нь юу болсон бэ.”

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Өнгөрсөн оны улсын төсөв гээд 868 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Харин 2015 оны төсвийн алдагдлыг багасгахын тулд засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Түүнчлэн аудитын тайланд тусгагдсан байдлаар бол зарим аж ахуй нэгжүүд, яам тамгын газруудын өрийн хэмжээ болон удирдлагын зардлыг хэтрүүлсэн зүйл энэ тайланд тодорхой тусгагдсан байна.”

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Мэдээж ажил хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагын асуудал гэж бий. Гэхдээ тэртэй тэргүй хариуцлагын асуудал нь тооцогдоод явчихсан. Харин миний хувьд МАН-ын гишүүдийн хэлж буй үгэнд ганц хоёр зүйл хэлье гэж бодогдож байна. Хэрвээ би буруу сонсоогүй бол “АН-ынхныг сонгож болохгүй гэдгийг ухаарлаа” гэж ярьж байх юм. Ажил хариуцсан хүмүүст нь алдаа оноо гэж байдаг бол  тэр хүмүүст нь хариуцлага тооцох тухай яригддаг болохоос биш АН-ын шударга мөрөөрөө ажлаа хийж байгаа мянга мянган гишүүдийг хавтгайруулж ярих нь буруу гэж бодож байна.”

УИХ-ын гишүүн Ч.Улаан “УИХ-ын даргалагч хэлэлцүүлгийг эхлэхээс нилээд бурууүг хэлж байна. Энэ засгийн газар оны сүүлд байгуулагдсан тул энэ сайд нараас асуух зүйл бараг байхгүй гэж хэлж байгаа нь туйлын буруу. Ер нь аль ч талаас нь аваад үзсэн, төсөв гэдэг бол байнгын ажиллагаатай парламентийн байнгын анхаарлын төвд байдаг бодлого, үйл ажиллагааны үнэлэлт дүгнэлт өгдөг гол баримт бичиг. Тиймээс энэ талаас харж асуудалд нухацтай хандах ёстой  гэж бодож байна”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголчууд бид ярьдаг. Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр гэж. МУ-ын Засгийн газрыг эдийн засгаа тэлээч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээч гэдэг шаардлагыг бид бүгдээрээ байнга тавьдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гадаадад айлчлал хийхдээ хэд хоногийн өмнөөс зарлаж байгаад ийм ийм асуудалд хэлэлцэнэ гэж нээлттэй явагддаг. Гээнэ дээ ч бий, гоонодоо ч бий гэж. Явах нь зөв хэрэг” хэмээн хэллээ.

Ингээд “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв.