Цэвэр агаар, эрүүл амьдралын төлөө бүх нийтээрээ гүйв
Цэвэр агаар, эрүүл амьдралын төлөө бүх нийтээрээ гүйв
2015.10.05

Цэвэр агаар, эрүүл амьдралын төлөө бүх нийтээрээ гүйв

МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбооноос зохион байгуулсан “Утаагүй нийслэл-20I5” бүх нийтийн марафон гүйлт өнгөрсөн бямба гаригт боллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний 09:00 цагт эхэлсэн энэхүү гүйлт “Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор болж буй юм. Гүйлтэд зургаан настай балчраас 60 настай буурал хүртэлх бүх насныхан оролцов. Гурван насны ангиллаар 4, 10, 21 км-т 5000 гаруй хүн гүйсэн байна.

Энэхүү “Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафоныг ЭМСЯ, БОНХАЖЯ, БХБЯ, БХЯ, ХЗЯ, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монгол эмэгтэйчүүдийн холбоо зэрэг 20 гаруй байгууллага дэмжин ажиллажээ.

Марафон гүйлтийн тэмцээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, спорт, урлаг соёлын олны танил хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.

Тэмцээнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “...Нийслэлчүүд, төр засгийн байгууллага, эрүүл мэнд, спортын байгууллагын төлөөлөл энд нэг хүсэл зорилгын дор нэгдсэн байна. Энэ марафонд олон байгууллага, иргэд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Нийслэл хот утаагүй, иргэд эрүүл байгаасай” гэдгийг онцоллоо. Энхүүгүйлтэд оролцсон сийлбэрч, дуучин СТА Т.Баттогтох “... Би долоон хоногтоо 5-7  удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж гүйдэг.

Миний бодлоор эрүүл байхын энгийн нууц бол гүйлт. Нийслэлийнхэн маань эрүүл энх байгаасай. Эрүүл байхын гайхамшгийг мэдрэхийн тулд дасгал хөдөлгөөн тасралтгүй хийж, өглөө бүр гүйж байгаасай гэж хүсч байна” гэв. Мөн холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг “... Ер нь хүний эрүүл байхын гол үндэс бол хөдөлгөөн байдаг. Тиймээс хүн бүр эрүүл мэндээ бодож, идэвхтэй амьдраасай. Иргэддээ эрүүл мэнддээ хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийе гэж уриалмаар байна” гэлээ.

Марафон гүйлтийг зохион байгуулагчид оролцогчдоос 50 азтаныг тодруулж, гар утас, нөүтбүүк, унадаг дугуй, скит бэлэглэжээ. Энэхүү шагналд нийт 15 сая төгрөгийг зарцуулсан байна.