Ө.Энхтүвшин: Сонгуулийг  тусад нь  явуулахаас өөр замгүй
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин
2012.05.05

Ө.Энхтүвшин: Сонгуулийг тусад нь явуулахаас өөр замгүй

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг даваа гаригт хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай, цахим үнэмлэхний бэлтгэл ажил, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан дүнг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийлээ.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэнд олгох сая төгрөгийн асуудлыг яаж шийдэх вэ?

Мөнгөө авна гэвэл УИХ-ын 39 тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу үндэсний компаниудад хувьцаагаа худалдаж босгосон мөнгөнөөс сая төгрөг олгоно. Бүх ажлыг зэрэгцүүлж хийхгүй бол хугацаа бага үлдсэн. Иймд эдгээр ажил дөрвөөс зургадугаар сард багтаж дуусах ёстой.

-Бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан уу?

-Хүлээн авсан. Учир нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан ч, аваагүй ч эцсийн дүндээ чанар өөрчлөгдөхгүй. Хүлээж аваагүй тохиолдолд 14 хоногийн дараа Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрлэнэ. Тиймээс хугацаа алдахгүйн тулд хүлээж авсан.

-Цахим үнэмлэх хэвлэх ажил хугацаандаа амжих болов уу?

-Цахим үнэмлэхийн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн. Энэ үнэмлэхийг хэвлэж буй компани "Та бүхэнд тохирсон хугацаандаа нийлүүлж амжихгүй боллоо. 14 хоногоор хугацаагаа сунгаж өгөөч" гэсэн санал ирүүлсэн байна. Салбарын сайд зургадугаар сарын 11 -нд сүүлийн бэлдэц ирнэ. Энэ хугацаа 14 хоногоор хойшилж байгаа учраас амжихгүй боллоо гэдэг мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг цаашид ярихаас өөр аргагүй.

-Цахим үнэмлэх хугацаандаа амжиж хэвлэгдэхгүй бол яах вэ?

-Уг асуудлаар УИХ, Засгийн газар хамтарч ажиллах шаардлагатай. Автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд яг цахимаар тоолно гэсэн ямар заалтууд байгаа эсэх талаар хуулиа авч үзэх хэрэгтэй. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд бус Автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт орж таарна.

-Энэ асуудалд УИХ хариуцлага хүлээх ёстой юм биш үү? Салбарын сайд ч иймэрхүү утгатай зүйл хэлж байсан.

-УИХ цахим үнэмлэх хэрэглэх шийдвэрийг баталж, төсөв мөнгө гаргасан. Харин Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахаас илүү цахим үнэмлэхийг бэлэн болгох нь Засгийн газрын хийх ажил. Тэр дундаа уг асуудлыг хариуцаж байсан Тэргүүн шадар сайдын асуудал.

-Цахим иргэний үнэмлэх хугацаандаа багтаж тараагдахгүй бол гараар санал тоолох уу?

-Хоёр тусдаа зүйл явж байгаа. Санал тоолох, бүртгэх гэсэн хоёр янзын машин бий. Бүртгүүлэхдээ иргэний ухаалаг үнэмлэхийг хэрэглэх ёстой. Түүнээс биш автоматаар сонгогчдын саналыг тоолох хамаарахгүй.

-Цэцийн шийдвэрийг хүлээж авбал шинэ сонгуулийн хуулиар явах уу. Эсвэл УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм уу?

-Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд Цэцээс хүчингүй болгосон заалтууд хасагдаж, УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар сонгууль явна. Цэц бүхэлд нь хүчингүй болгоогүй учраас 2008 оны сонгуулийн хуулиар явахгүй.

-Сонгууль товлон зарлах хугацаа тулчихлаа. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах уу, үгүй юу гэдэг маргаан шийдвэрлэгдэхгүй бол яах вэ?

-Ямар ч байсан хоёр сонгуулийг салгах байх. Нөхцөл байдлыг авч үзээд тусад нь явуулахаас өөр замгүй. Цаг хугацаа, хүн хүч, техник талаас тооцоход амжихааргүй байна. Хамт явуулна гэдэг бол 2008 оны дөрөвдүгээр сард бий болгосон заалт. Тухайн үед орон нутгийн сонгууль ч, УИХ-ын сонгууль ч пропорциональ хэлбэрээр явж байсан. Өнгөрсөн онд тогтолцоог нь эрс өөрчилсөн хууль баталсан. Энэ нь уялдахгүй байгаа нь үнэн. Амжихгүй болчихоод байна. Нөхцөл байдал хоёр сонгуулийг салгахыг шаардаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.