Хүнс үйлдвэрлэгчид чихэр, давсанд анхаарал хандуулна
Хүнс үйлдвэрлэгчид чихэр, давсанд анхаарал хандуулна
2015.11.20

Хүнс үйлдвэрлэгчид чихэр, давсанд анхаарал хандуулна

“Чингис" зочид буудалд болсон Хүнсчдийн холбооны хурлын үеэр, хүнсний бүтээгдэхүүн дэх чихэр давсыг багасгах тухай яриа хөөрөө өрнөсөн юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар, Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа нар санамж бичигт гарын үсэг зурж, “Эрүүл хүнс-нийтийн эрүүл мэнд”-ийн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон нь сайны дохио. НЭМХ-гийн захирал Б.Цогтбаатар “Энэ намар Засгийн газар давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр баталсан.

Монголчуудын давсны хэрэглээ дэлхийн дунджаас хамаагүй өндөр, үүнээс болоод зүрх, судасны өвчлөл их байдаг. ДЭМБ давсны хэрэглээг бууруулах бодлогын бичиг баримт батлах ёстой гэсэн зөвлөмж өгсний үндсэн дээр энэ хөтөлбөрийг баталсан. НЭМХ зарим үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж байгаа. “Талх чихэр’’-тэй хамтраад, чихрийн орц бууруулах, хиамны үйлдвэртэй давсны орцыг бууруулахаар ажиллаж байна. Давс, сахарын хэмжээгээ буулгаж байгаа компанийг дэмждэг систем байх хэрэгтэй” гэж ярилаа.

Хүнсчдийн холбооныхон үдээс өмнө эрчтэйхэн хуралдав. Хуралд мэдээлэл хийсэн өөр нэг зочин ХХААЯ-ны газрын дарга Ц.Баярмаа байв. Тэрбээр ярианыхаа эхэнд Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөл боловсруулсан. УИХ-аар хэлэлцүүлэх шатандаа яваа хэмээн дуулгалаа. ХХААЯ мах экспортлоход хамгийн их анхаарч байгаа.

Нийтдээ 26,6 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл өгсөн ч дөнгөж 2,1 мянган тонн мах экспортолсон нь хорио цээр, гоц халдварт өвчин, мах экспортлох боломжтой үйлдвэр цөөн гэх мэт шалтгаантай. “Мах гаргаж чадахгүй бол малаа амьдаар нь гаргаач” гэж хойд хөршийнхөн зөвлөдөг. Мал хөлөөр нь гаргавал Зэлтэрийн боомтоо нээ гэж тэд хүсдэг байна. Алтанбулагийн боомтоор хүнтэйгээ зэрэгцээд мал гаргаж амжихгүй гэжээ. Гэхдээ хөршүүд маань албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн авах сонирхлоо илэрхийлдэг.

Өмнөд монголд болсон ЭКСПО-гийн үеэр манай сүүн бүтээгдэхүүн дээр хамгийн олон хүн шавжээ. Хүүхдийн таргалалтын асуудал яригдах болсон өнөө үед “Үдийн цай” хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь ач холбогдолтой. Эцэг эхчүүдээс үдийн цайнд зарцуулах мөнгөний тодорхой хувийг гаргуулах хувилбарыг ч газрын дарга дурдав. Хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС-ийн багш, доктор Ж.Туяацэцэг “Хүн амын дундах халдварт бус өвчнийг бууруулахад хүнсний зохистой хэрэглээ, шим тэжээлийн асуудал яригддаг.

Хүүхдийн таргалалтын асуудал сэтгэл зовоох хэмжээнд хүрчихээд байна. Хүүхдийн хэрэглээ эцэг эхийн боловсролтой холбоотой. Хүүхдэд шим тэжээлтэй хүнс хүргэхэд “Үдийн цай” хөтөлбөр чухал. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм буруу байсан болохоос биш зөв тийшээ засч залруулах боломж хүнсчдэд бий. Хүүхдэд өдөрт 200 грамм сүү заавал өгч байх ёстой” хэмээн ярьсан юм. Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва “Үдийн цай” хөтөлбөрийн тухай ХХААЯ, ЭМСЯ, БСШУЯ, Хүнсчдийн холбоо хамтарч ярья” гэлээ.

Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаа

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү. Үр дүнгээ өгсөнгүй гэж шүүмжилдэг?

-Миний хувьд үр дүнтэй гэж боддог. Гурилын үнэ 850-аас дээш гарахгүй шүү гээд гэрээ хийсэн учраас аж ахуйн нэгж яг тэр үнээрээ борлуулдаг. Үнийн зөрүүг засаг дааж байгаа гэсэн үг. Хүмүүс үнэтэй байна гэж шүүмжилдгээс биш хөтөлбөр хэрэгжээгүй бол тэрнээс ч илүү өсөх байсныг анзаардаггүй.

-Махны үнэ унах нь хэрэглэгчдэд таатай ч малчдын хувьд хүнд тусна. Улс мах аваач, зохицуулалт хийгээч гэсэн тэдний хүсэлтэд ямар хариу өгөх вэ?

-Нэг талаас хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд ашигтай. Нөгөө талаас малчид маань орлоготой байх ёстой. Үйлдвэрүүд маань эргэлтийн хөрөнгө бэлэн мөнгөний хомдсдолтой. Зарим нь хоорондоо бартер хийж байна.

Малаа зуданд алдсанаас мах болгочих сонирхол байгаа учраас хаа сайгүй мах нийлүүлэх эрэлт бий болчихож. Үйлдвэрүүд их хэмжээгээр авах бололцоогүй. Өмнө нь гурван жил дараалан төрөөс зээл олгоход мөнгө гаргаад, махаа авчихдаг байсан. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл л олгохгүй бол мах авч чадахаа байсан. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр’’-ийг Монголбанкнаас санхүүжүүлж байсан. Гурван жил үргэлжилсэн хөтөлбөр маань дууссан. Өөр эх үүсвэр хайгаад Хөгжлийн банкнаас мөнгө авах гэтэл энэ банк хуультай. УИХ-аар хэлэлцэж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг учраас гадаадад мах экспортлох хөтөлбөр боловсруулаад, манай яам батлуулахаар хөөцөлдөж байгаа.

-Хятадаас орж ирж байгаа зээлийн хөрөнгийг юунд зарцуулах вэ?

-Манай яам зөвхөн махны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ. Манайд 40 гаруй махны үйлдвэр байдаг ч байнгын ажиллагаатай нь 20 гаруй. 78 сая орчим ам.долларыг 12 махны үйлдвэр байгуулахад зарцуулна. Хятадууд өөрсдөө бариад, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгөх юм.

-“Монгол мах корпораци” улсын өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэр байгуулна гэсэн нь хачирхалтай сонсогдлоо. Махны бизнест төр хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөх хэрэг үү?

-Манай үйлдвэрлэгч, худалдаачид ийш тийшээ явахаараа “Минийхийг авчих л даа” гээд уралдаж үнээ буулгадаг. Импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнийг ялангуяа улаанбуудай, гурил дээр уралдаж үнийг нь өсгөчихдөг. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт шаардлагатай. Чанар стандарт хангаагүй бүтээгдэхүүн гадагш нь авч гараад, Монголын бүтээгдэхүүний нэр хүндийг унагах асуудал ч гарна. Төрөөс тодорхой хэмжээгээр маркетинг хийх, гэрээ хэлцэл хийхэд зуучлах, нэг зах зээлд олон тоглогч зэрэг оролцож, үнийн нэг бодлоготой байх зорилгоор “Монгол мах корпораци”-ийг байгуулсан. Гол нь маркетинг хийх юм. Үйлдвэрлэл огт явуулахгүй. Засгийн газар ажиллах журмыг нь баталсан гэв.

Сүү компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгаас үдийн цайнд боломжийн үнэ, хэмжээ, савлагаатай сүү тараг цагаан идээг нийлүүлэх боломж бий юу хэмээн лавлав.

Сүү компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

-Боломж байгаа. Компаниуд өдөрт хэр их бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой мэдээллээ хүргүүлнэ гээд одоогоор ирүүлээгүй гэж сонссон. Томоохон үйлдвэрлэгч нар мэдээллээ хүргүүлсэн.

-Сүү бэлтгэл  ийн тогтолцоо бүрдүүлэх талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэтхэг сүүний хэрэглээ багатай улс байсан. Германы Засгийн газартай хамтраад цагаан хувьсгал хийсэн. Одоо бол Энэтхэг сүү үйлдвэрлэлээр номер нэг улс болсон. Манай үйлдвэрлэгчид сүү бэлтгэлийн тогтолцоог газар дээр нь судлах юм. Монгол Улсын хувьд өмнө нь социализмын үед сүү бэлтгэлийн тогтолцоотой байсан.

Ерээд онд шилжилтийн үед энэ систем нурсан. Сүү байхгүй учраас үйлдвэрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж байв. 2005 оноос сүү бэлтгэлийн системээ сэргээж байна. Манай компанийн хувьд Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хэнтийгээс сүүгээ цуглуулдаг. Бусад аймгаас сүү татахад зардал өндөртэй. Холоос тээвэрлэсэн, зардал шингэсэн сүү үйлдвэрлэх тохиромжгүй. Аль болох тухайн аймаг суманд нь цөцгийн тос, аарц, ааруул, үйлдвэрлэх боломжтой.

-Давс, чихрийн хэрэглээгбууруулах талаар ярьж байна. Танай бүтээгдэхүүний сахарын хэмжээ буурсан уу?

-Манай үйлдвэрийн хувьд сүүлд гарч байгаа бүтээгдэхүүнүүддээ элсэн чихрээс аль болох татгалзаж байгаа. Зөөхий, элгэн таргандаа огт чихэр хийгээгүй. Хэрэглэгчдэд сонголт үлдээе гэсэн юм. Монголчууд зөвхөн тараг хэрэглэдэг ард түмэн биш. Элгэн тарагтай төстэй грег иогурт гэж бий. Зүүн Европт элгэн тарагтай төстэй тараг хэрэглэдэг. Монголчуудын дийлэнх нь тарганд элсэн чихэр хутгаж уудаг. Гэтэл казахууд давс хийгээд устай холиод уудаг. Жимс, варень, молоко гэх мэтээр юу ч хийж ууж болох учраас сонголтыг хэрэглэгчдэд үлдээж байгаа юм. Сахарын хэмжээг аажим багасгаж байгаа. Үүнд сул тал бий. Оросын иогурт их чихэрлэг байдаг. Тэгэхээр “Сүү”-гийн тараг амтгүй, Оросын тараг амттай ч гэж зарим нь бодож магадгүй гэлээ.

Харин “Мах импекс” компанийн Хиам консервний үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа “НЭМХ ШУТИС- ийн эрдэмтэд, салбарын судлаачидтай хамтарч ажиллахыг хичээдэг. Олон улсын байгууллагуудаас зөвлөгөө авдаг. Малын цус, элэг гэх мэт эрүүл зөв хооллоход тустай, зохистой хэмжээний нитриттэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгодог. Гол нь хүмүүст иймэрхүү бүтээгдэхүүний мэдээллийг дутмаг өгдөг санагддаг. Малын гэдэс дотроор хийсэн, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байгаа.

Эрүүл зохистой хооллодог нийгмийн хэсэг бидний санал болгож байгаа цусан хиам, элэгний нухшийг таашаан хэрэглэдэг. Богино хугацаанд хадгалдаг, эмзэг бүтээгдэхүүн учраас олон цэгт тарааж амждаггүй гэж тайлбарлав. ХХАА-н сайд Р.Бурмаа Хүнсчдийн холбооны хуралд оролцож үг хэлэхдээ “Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, махны хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Цаашид сүүний үйлдвэрийг кластераар хөгжүүлэх боломжийг судлах, үйлдвэр цех, фермийн аж ахуй, малчдын харилцан уялдаа холбоог сайжруулах чанартай түүхий эд (шинэ сүү)- ээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бололцоог судалж ажиллана” гэлээ.

Харин Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва “Хүнсчдийн холбооны хоёрдугаар бага хурлаар ХХААЯ, Хүнсчдийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ялангуяа хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн олон аж ахуйн нэгж байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр экологийн цэвэр бүтээгдэхүүнээр эх орноо хангах болон гадаадын зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” гэж онцоллоо.