Монгол Улсын хүнсний аюулгүй байдал харьцангуй боломжийн байна
УИХ-ын гишүүн, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва
2015.11.19

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал харьцангуй боломжийн байна

 Монголын хүнсчдийн холбооныхон хоёр дахь удаагийн бага хурлаа өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Шинэ хороолол” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдэдээ эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед хүнсний үйлдвэрийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэх, ахиц дэвшил гарган ажиллахыг уриалж байв. УИХ-ын гишүүн, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагваас зарим зүйл тодрууллаа.

-Бидний идэж, ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн хэр аюулгүй байгаа вэ?

-Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монгол Улсын хүнсний аюулгүй байдал харьдангүй боломжийн байна. Тээвэрлэлт, хадгалалтын асуудал их гардаг. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол зам харгуй сайжирлаа, тээвэрлэлтийн машин, техникүүд бүхээг болон хөргөх системтэй болж, стандартаа хэрэгжүүлдэг болсон.

Мэдээж импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүн, дотооддоо хэрэглэж байгаа хүнсэнд хяналт тавьж, онцгойлон шалгах ёстой. Энэ тал дээр ч тодорхой хууль, журам гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Бид хийж чадсан дээрх дэвшлүүдээ үгүйсгэж болохгүй, харин илүү сайжруулах, чанартай болгоход анхаарах хэрэгтэй.

-Манайхан үйлдвэрлэсэн мах, махан болон бусад төрлийн бүтээгдэхүүний шошгон дээр хүнсний нэмэлтийн мэдээллээ тодорхой тэмдэглэдэггүй. Үүнд ямар нэг арга хэмжээ авч байна УУ?

УИХ-ын гишүүн, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва

-Аливаа бүтээгдэхүүний чанарыг хадгалах, түүнд ордог ховор бүтээгдэхүүнийг орлуулах, өнгө, үзэмжийг удаан хугацаанд барихын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээлбэл, хиамыг 100 хувь махаар хийнэ гэж хаана ч байхгүй. Тодорхой хэмжээний уураг болон ямар төрлийн хиам гэдгээс шалтгаалан өөр өөр хүнсний нэмэлт заавал оруулдаг.

Мөн зарим бүтээгдэхүүний өнгө, үзэмжийг алдагдуулахгүйн тулд нитрит хийдэг юм. Аливаа бүтээгдэхүүнд заасан хэмжээнээс илүү хүнсний нэмэлт хийчихвэл хор болно шүү дээ. Тиймээс үйлдвэрүүд хүнсний бүтээгдэхүүнээ технологийнх нь дагуу үйлдвэрлэж байна уу, үгүй юү гэдгийг шалгах ёстой. Энэ тал дээр МХЕГ-ынхан ч сайн ажиллаж байгаа. Шошгон дээр тухайн бүтээгдэхүүнд орсон хүнсний нэмэлтийн бүх мэдээллийг оруулах боломжгүй. Гэхдээ голлон орсон хүнсний нэмэлтийн мэдээлэл заавал байх ёстой.

-Та “Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол уул уурхайгаас ч илүү чухал. Дэлхийн зах зээлд хүнс, хөдөө аж ахуйн салбараараа өрсөлдөх хэрэгтэй” гэж ярьж байсан. Өрсөлдөхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, бид хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, Хүнс болон хүнсний аюулгүй байдлын тухай хуулиа ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн төрөөс энэ салбараа онцгойлон анхаарч, тодорхой хэмжээний бодлого гаргаж, дэмжин ажиллах ёстой юм. Яагаад гэвэл, энэ нь ард түмнээ тэжээж, хооллодог чухал салбар. Түүнчлэн хамгийн олон ажлын байр бий болгодог. Газар тариалан, мал аж ахуйн салбарт урамшуулал, зээл олгох зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний аж ахуйн нэгжүүдээ сайн дэмжихгүй байна.

Зах зээлд шилжих үед олон үйлдвэр хувьчлагдаж, замбараагүй байдалд орсон. Үүнийг зохион байгуулалтад оруулах нь чухал. Тухайлбал, фермийн юм уу, хагас эрчимжсэн мал аж ахуйг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл дээр өөрчлөлт хийх, махны үйлдвэрүүдийг бүсчлэн хөгжүүлэх, хуурай болон шингэн сүүгээр улсаа хангах бодлого хэрэгжүүлэх ёстой. Гурван сая хүнтэй, 70 орчим сая толгой малтай байж, гадаадаас сүү, мах импортлоод байж болохгүй. Бид энэ тал дээр олон бодлого, бичиг баримт гаргаж, ажиллаж байна.