Гантөмөр.Л Монголын залуу эрдэмтдийн холбоо 2015.11.27 | ХМА: Мэргэжлийн холбоо

ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө

ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө
ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 22-ноос 11 сарын 07-ны хоорнод 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан, Геологи-Газарзүй, Хөдөө аж ахуй, Нийгмийн ухаан гэсэн 5 салбараар ШУА-ийн ООГФСТ-ийн харъяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд зохион байгуулагдсан бөгөөд Техник технологийн салбар хуралдааны хувьд оролцогчдын тоо хамрах хүрээ өргөн учир   ШУТИС, Шинжлэх ухаан технологийн төв номын сангын байранд инноваци, хэрэглээ болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан зохион байгуулагдсан.

Энэ жилийн "ХҮРЭЛТОГООТ-2015" зургаан салбарын эрдэм шинжилгээний бага хуралд БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж. Даваасамбуу , ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн бага чуулганы төлөөлөл,Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч Д. Баттогтох, БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Одгэрэл,  Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, үйлдвэрлэл, бизнесийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Баттогтох, Тэргүүлэх чиглэл, цөм технологийн судалгааны төслийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Оюунцэцэг, Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Оюундэлгэр, Монгол улсын төрийн соёрхолт инженер На.Нацагнямнар болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэн судлаач нар оролцлоо.

Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь:

  • залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох,
  •  шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах,
  • эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх,
  • шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох,
  • олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх,
  • судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог юм.

Тус хурлыг МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Гарааны Технологийн инкубатор ХХК, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо корпораци, Чагдаржав сан, Монголын Технополисын холбоо, Cisco Mall, Абсолют Чойс компани, Осорын Шагдарсүрэн сан зэрэг байгууллагууд дэмжин ажиллаа.

Энэ жилийн “Хүрэлтогоот 2015” семинарт нийт 389 эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургууль, гадаадад сурч буй судлаачдын эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 217 бүтээлийг 6 товхимол номонд хэвлүүлсэн бөгөөд нийт 83 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлэв.

Зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаачдад БСШУ-ны сайдын нэрэмжит грантын эзэн боллоо. Үүнд:

Техник,Технологийн салбар хуралдаан /2015.10.22/

  1. Австралийн Адэлейди их сургуулийн, Химийн инженерийн сургуулийн докторант оюутан Б. Мөнхбаяр:“Перовскит нарны зайд Графен электродыг ашиглах нь”
  2. ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, докторант М. Бурмаа“Монгол Улсын үүрэн холбооны зах зээлийн хөгжил”

Геологи газарзүйн салбар хуралдаан /2015.11.02/

  1. ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судалын салбарын ЭШДА Я.Гансүх“MODIS хиймэл дагуулын гадаргын температурын мэдээг боловсруулах шинэ аргазүй”
  2. УЦУОСМХ-н Урьдчилан мэдээлэх төвийн судлаач Д.Одонтунгалаг“Монгол орны зуны улирлын тунадас, өвлийн улирлын агаарын температурыг нөхцөлдүүлэгч зарим хүчин зүйлсийн олон жилийн явц, тэдгээрийг урьдчилан мэдээлэх нь”

Анагаах ухааны салбар хуралдаан /2015.11.03/

  1. АШУҮС-ийн багш М.Пүрэвдорж“Гемофилийн далд тээгчийн оношлогоог Монголд нэвтрүүлэх нь”
  2. Юнайтед фамили Интермед эмнэлэгийн дотрын тасгийн гастроэнтеролог эмч Г.Сарантуяа“В ба Дельта вирүст архаг хепатитийн үед  qHBsAg, M2BP-ийг харьцуулан судалсан дүн”

Байгалийн ухааны салбар хуралдаан /2015.11.04/

  1. ШУА, Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Билгүүн“LHC дахь протон-протоны мөргөлдөөнөөс H,W бозон үүсэх”
  2. “Монос” группийн Эм Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюунчимэг, Т. Даваасамбуу:  “Цөс хөөж, элэг хамгаалах үйлдэлтэй “силлихол” бэлдмэлийн технологи, фармакологи, стандартчиллын судалгааны үр дүн”

Нийгмийн ухааны салбар хуралдаан /2015.11.06/

  1. Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш П.Даваапил“Улсын санд худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нь”
  2. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний дэд ажилтанЖ.Ууганбаатар“Б.Ринчений “Цогт тайж” киноны өгүүлэмжийг хэн хөтөлнө вэ?”       

 Биологи, ХАА-н салбар хуралдаан /2015.11.07 /

  1. Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ё.Мягмарсүхнарын: “Адуу, тэмээнээс ялган авсан томуугийн А хэвшлийн Н3N8 вирусын судалгаа”
  2. ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн ЭШ-ний ажилтан А.Жанболат нарын “Соронзон нано-жижиг хэсгийн синтезлэх шинж чанар болон молекул биологийн хэрэглээ”  

Хүрэлтогоот-2015 эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ өмнөх жилээс өсч сайжирсан нь энэ жилийн хуралдаанд Aвстрали, БНЭУ, БНСУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайвань зэрэг гадаад улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхитэй оролцож байгаагаас харагдаж байна. Иймээс ирэх жилийн ХҮРЭЛТОГООТ эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсад ажиллаж буй Монгол залуу судлаач нарыг татан оролцуулах бүрэн боломжтой юм.

Хуралд оролцсон нийт эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, зочид төлөөлөгчид, дэмжлэг үзүүлсэн байгууллага хамт олонд Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны өмнөөс талархал илэрхийлж, хуралд амжилттай оролцсон залуу судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.