Баасанхүү.О Бурмаа.Р 2015.12.28 | Сайт: Times.mn

Сонгуулийн хууль ингэж батлагдлаа

Сонгуулийн хууль ингэж батлагдлаа
Өнгөрсөн Баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэн баталлаа

Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэн баталлаа. 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэж орууснаар ажлын хэсэг хэлэлцэж  чуулганд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжснээр Сонгуулийн хууль батлагдсан. 

Ингээд маргаан дагуулаад байсан гол гол заалтууд хэрхэн өөрчлөгдснийг хүргэе.

1. Сонгуулийн тогтолцоо өмнөх сонгуулийнхтай адил 48/28 гэсэн холимог хэвээр байх боллоо. Тодруулбал, 28 нь намын жагсаалтаар 48 нь томсгосон тойргоос сонгогдоно.

2. Сонгуулиар санал хураах хуудастай хамт жагсаалтаар орж ирэх хүмүүсийн нэрстэй хуудас хэвлэгдэн сонгогчийн гарт очно. 

3. УИХ-ын сонгууль холимог системээр явагдах бол орон нутгийн сонгууль можаритар системээр явагдана

4.УИХ-ын сонгууль нийслэлийн сонгуультай хамт явж байсныг аймаг, нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгуулийг хамтатган зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулахаар боллоо 

5.Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулахаар хуульчлав

6. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног байсныг ажлын хэсэг, байнгын хорооноос 14 хоног гэдгээр Их хуралд орж ирсэн ч Д.Лүндээжанцан гишүүний 18 хоног болгох саналыг дэмжив. 

7. Саналын хуудсыг тоолохдоо хар машинаар тоолсны дараа дахин гараар техникийн тооллого хийнэ. Энэ тооллогыг хуульд 24 цагийн дотор гэж заажээ. Энэ нь тавин хувийг сугалаагаар санамсаргүй байдлаар сонгон хар машины саналтай тулгана гэсэн үг. Ингэхдээ намуудын болон бие даагч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс хяналт тавих юм

8.Хуульд сонгуулийн сурталчилгаанд сонинг оруулахыг дэмжлээ

9. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал, бусад байдлаар тухайн нэр дэвшигчийг гүтгэсэн мэдээ, материал цацсан тохиолдолд сонгуулийн үед эрүүгийн хуулиар болон бусад үед Зөрчлийн хуулиар зохицуулах аж. 

10. Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн хуулиуд үгүй болж, Сонгуулийн нэгдсэн нэг хуультай болж байгаа юм.

11. Санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болох буюу сонгогчдын 28 хувийн санал аваагүй байсан ч ирц хүрээгүй гэж сонгуулийг дахин явуулахгүй байх өөрчлөлт оруулж байгаа юм байна.

12. Саналын хуудсанд намуудын нэрсийн дараалал Дээд шүүхэд бүртгэгдсэн он сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар бичигдэнэ. 

13.Сонгуулийн санхүүжилт, хандивын үйл ажиллагаа шилэн дансны зохицуулалтад орно

14. Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг байсан бол одоо Аудитын байгууллага хяналт тавихаар тусгажээ

15. Сонгуулийн өдөр ч сурталчилгааны самбар, туг дарцаг, зурагт хуудсыг авахгүй байж болохоор хуульд оруулж өгчээ. Мөн сурталчилгааны самбарыг хувь хүн, байгууллагаас түрээслэхгүй бөгөөд нийтийн эзмшлийн талбайд үнэ төлбөргүй байрлуулах юм байна

16. Сонгуулийн ямар нэг маргаантай гарвал 60 хоног буюу хоёр сарын хугацаанд шийдвэрт хүрч болохоор тусгажээ

17. Сонгуулийн сурталчилгааг 24 цагийн өмнөөс явуулахыг хориглодог. Энэ заалт шинэчилсэн хуульд хэвээр  мөрдөгдөгдөнө. Харин твиттер, фэйсбүүк зэрэг сошиэлиар санал бодлоо илэрхийлэх, сурталчилгаа хийх эрх нээлттэй байна.