Хөлөөр хөглөрөх алт
2016.02.04

Хөлөөр хөглөрөх алт

Солонгос ДЭҮ корпорацийн ерөнхийлөгч Ким Ү Жүн бичсэн энэ номноос өөрт таалагдсан зарим хэсгийг уншиж болгоно уу хэмээн уншигч таныг урьж байна. Энэ номыг монгол хэлнээ орчуулсан хүнд баярлаж байна. 

Мөрөөдөл гэдэг хорвоо дэлхийг хувирган өөрчлөх хүч юм. Өнөөгийн хорвоо дэлхийн нүүр царайг хувирган өөрчилж байгаа хүмүүс балчир залуу насандаа агуу их мөрөөдлөөр жигүүрлэн явсан гэж мөрий тавихад ч би бэлхэн. Өсөн дэвжихийн гол түлхүүр нь мөрөөдлийн хүч, түүнийгээ биелүүлэх чин хүсэл эрмэлзлэл, уйгагүй оролдлогын үр дүн бололтой.

Харамсалтай нь өнөөгийн залуус ирээдүйн тухай мөрөөдөхөө больсон, зорилгогүй хамхуул мэт хааяа ч хамаагүй хийсч яваа гэж үү?
Мөрөөдөл хүнийг төлөвшүүлдэг.

Энэ ч бүтэхгүй байх, хэрэв бүтэлгүйтвэл дараа нь яах вэ? гэсэн юм ярьж явдаг хүмүүс бол бизнесмен байж зохихгүй. Шийдвэр гаргана гэдэг зөвхөн бизнесийн асуудал биш. Шийдвэр гэдэг амьдралын туршид маш чухал. Амьдрал өөрөө шийдэл байдаг болохоор нэг л буруу шийдвэрээс хамаг юм уруудаж болох аюултай. Амжилтанд хүрэхийн тулд та олон хувилбарыг авч үзэх хэрэгтэй. Сонголт хязгаарлагдмал байх тусам амжилтанд хүргэхүйц шийдвэр гаргах боломж ч бас хязгаарлагдана.

Сэтгэл ханах өвчин: Өнөөгийн залуус аливааг “хангалттай” төдийхөн сурчихаад олны урсгал дагаж урсаж явахын оронд бүтээлч үйл хэрэгт шамдах хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй юу байна түүнийгээ авч, түүндээ хамаг бүхнээ зориулагтун. Зөвхөн тэр цагт л өнөөдрийн төлөө хөдөлмөрлөж ирсэн бидний үйл хэрэг маргаашийн хорвоод өвлөгдөн үлдэх тавилантай. Юунд ч суралцаж, юу ч хийж байсан “хангалттай” гэдэг үг танд хангалттай байх ёсгүй.

Өнгөц бүү амьдрагтун.

Залуу нас гэдэг дотоод хүч чадлаа арвижуулан, хөгжүүлэхэд хамаг эрдэм авъяасаа зориулах нас. Жинхэнэ үнэ цэнэ, жинхэнэ хэв маяг гэдэг гадаад дүр төрхөөс тань бий болдоггүй. Залуу нас гэдэг таны амьдралын хамгийн чухал үе, гэвч дэндүү ахархан...

Агуу их дотоод хүч нь өөртөө жинхэнэ чадварыг агуулж байдаг. Энэ хорвоо чухамдаа илт нүдэнд сайн сайхан харагддаг бус харин жинхэнэ чадвартай хүмүүс л хэрэгтэй. Мунхаглан сэтгэж, хээнцэрлэн амьдрахад залуу нас гэдэг дэндүү ахархан. Авъяас чадвар хийгээд дотоод хүчээ хөгжүүлж, өөртөө итгэх итгэлтэй болох аваас та өнөөгийн нийгэмд улам гэгээтэй ирээдүйг бэлэглэж чадна.

Улс орныхоо хөгжил дэвшлийн нугаршгүй ган бат тулгуур багана нь байгтун.

Амжилт гэдэг өөрөө буугаад ирэх хишиг бус, амжилт гэдэг өрнөх үйлсийн оргил юм. Өнөө цагийг мэргэжилтний эрин гэж хэлж болно. Та өөрийгөө өөрийнхөө өчүүхэн ертөнцөд хүлж орхивол намагт хоргодсон мэлхий адил хорвоогийн явдлаас хол хөндий амьтан болох нь гарцаагүй.

Мэргэжилтэн болно гэдэг олон талын суурь мэдлэгтэй, өөрийнхөө мэргэжлээс ангид зүйлийг ч ухаарах чадалтай байна гэсэн үг. Та ч гэсэн мэргэшсэн мэргэжилтэн, нэг үгээр хэлбэл шидтэн болохыг чармайгтун. Үзэг цаас нийлсний эцэст сая зохиол бүтээл төрдөг болохоор шинэ бүтээл туурвихын тулд дахин дахин бичигтүн.

Өөрийгөө өрөөл бусдаас нэг алхмын түрүүнд яваа хэмээн сэтгэж, түүндээ итгэлтэй байх аваас ирээдүйд та тийм л болно. Өөртөө итгэх ган болд адил итгэлийг хайрладаг.

Залуу наснаас өөр тэр гээд хэлчих юу ч үгүй надад цорын ганц зэвсэг минь огтын эргэлзэлгүй итгэл юм. Энэ бол миний, бидний хамгийн хүчтэй, хамгийн үр өгөөжтэй зэмсэг гэдгийг батлан хэлье.

Гагцхүү шургуу чанар дутсанаас л бид аливааг боломжгүй болгож орхидог. Өөдрөг бодолтой, өөртөө итгэлтэй, амьдралын төлөө оргилсон их хүчтэй хүний өмнө амьдралын үүд нээлттэй байдаг.  Асар их боломжийн өмнө хүн төрөх агаад нөгөө талаас чухамдаа тэр боломж бүхнийг ашиглахын тулд тулд хүн төрдөг. Өөрийгөө дорд бүү үзэгтүн.

Шинэ юм гэдэг тун энгийн байх боловч авчрах үр дүн нь асар их. Үнэхээр ч бүтээлч хүмүүс цаг үеийг эзэлж, хорвоо дэлхийг удирдан залдаг шүү дээ. Өнөө цагийн хөгжлийн түлхүүр нь залуус. Энэ хорвоод эд хөрөнгө, ажил төрөл гээд эрхэм үнэтэй зүйл олон боловч цаг хугацаа лугаа адил тийм их үнэ цэнэтэй нь үгүй.

Залуу байна гэдэг цаг хугацааны дуусашгүй их харгуйн эхэнд зогсохтой адил.