Алслагдсан дүүргийн иргэд УИХ-ын гишүүдэд зовонгоо тоочжээ
УИХ-ыг гишүүн Д.Сумъяабазар, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар
2016.04.01

Алслагдсан дүүргийн иргэд УИХ-ын гишүүдэд зовонгоо тоочжээ

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар аймаг, нийслэл, сум дүүргүүдэд ажиллаж байна.

УИХ-ыг гишүүн Д.Сумъяабазар, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар өчигдөр Налайх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж эдийн засагт нүүрлээд буй хямрал болон дүүргийн иргэдийн амьдралд тулгамдсан асуудлын талаар сонсч, санал солилцлоо.

Налайх дүүргийн “Нарлаг” хотхоны доогуур нүүрсний цооног явж оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай иргэд санал бодлоо хэлсэн юм. Мөн төрийн аливаа үйлчилгээ авахад албан хаагчдын хүнд сурталтай нүүр тулдаг нь иргэдийг эдийн засаг, цаг хугацааны хувьд алдагдалд оруулж байгааг онцолсон.

Хот төлөвлөлт, зам, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгааг ч иргэдийн зүгээс илэрхийлж байлаа. Харин төмөр замын зангилаа уулзвар болсон Багахангай дүүргийн иргэдийн хувьд төмөр замчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулж 32 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулах ажилд анхаарал хандуулахыг хүсч байв.

Мөн эмнэлгийн орны хүрэлцээ муу, эрүүл мэндийн шинжилгээний тоног төхөөрөмж эвдэрснээс үйлчилгээ авахад хүндрэлтэй болсныг хэлсэн юм. Тус дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд дугуй, гадас, цементийн шохой зэргээр газартаа тэмдэглэгээ хийснээс болж малын бэлчээр хомсдсон.

Шөнө, оройн цагаар машин, мотоцикльтой хүн гадсанд тээгэлдэж унах, дугуйгаа хагалах, газрын тэмдэглэгээ хийсэн цементийн шохойг мал идэж үхсэн тохиолдол цөөнгүй гарчээ.

Уулзалтад ирсэн иргэд, эдийн засгийн хямрал айл бүрийн хаалгыг тогшсон өнөөгийн хүнд нөхцөл байдпаас гарах гарц хайсан, хамтын тэтгэврийн тухай хууль, цалин, тэтгэвэр тэтгэмж бага байгаагаас зээлээ төлөхөд хүндрэлтэй, амьдралын хүрэлцээ тааруу болсныг олон хүн хэлж байна.

Өдөр тутам санаа зовоосон олон асуудпаас гадна Монгол Улс их хэмжээний өртэй болсонд сэтгэл эмзэглэж, энэ их өр нэг л өдөр иргэдийн нуруун дээр ачаа болно гэдгийг ч иргэд сануулж байлаа.