МАН, МАХН-ын саналыг хувааж, дөрөв дэх удаагаа гаръя гэдэг сонирхол байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшиний өнгөрсөн баасан гаригт ТВ-9 телевизийн “Энэ өдрийн зочин” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-МАН, МАХН сонгуульд хамтран оролцохтухай хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн явц ямар байна вэ.Өнөөдрийн байдлаар ямар шийдвэрт хүрэв?
-Ажлын хэсгийн явцын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл надад алга. Ямартай ч хоёр талаасаа дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа гэж сонссон. Ганц, хоёрхон удаа уулзаад тохиролцоонд хүрчих хэмжээний асуудал бол энэ биш. Ажлын хэсэг гаргаж байна гэдэг нь том дэвшил, ярилцаж байгаа нь том алхам. Ийм шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ цаг үеийн хамгийн том асуудал шүү дээ.
-Ер нь МАН, МАХН-ын ахмад гишүүд “Хоёрнам хамтраач, нэгдээч” гэдэг саналыг удаадараа өгч байсан. Та хувь улстөрчийнхөө хувьд энэ асуудлыг яаж хүлээж авч байна вэ?
-Ахмад гишүүд төдийгүй залуу, дунд үеийнхэнд ч ийм бодол санаа давамгайлж байгаа. Би үүнд итгэлтэй байгаа. Дөнгөж саяхнаас ч ингэж ярьсан юм биш. Хоёр, гурван жилийн өмнөөс ингэж ярьж, хандаж байсан. Миний байр суурь гэвэл “Энэ хоёр нам учраа олох хэрэгтэй” гэж үзэж байгаагаа телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд хэлж байгаа. Бид учраа олж чадалгүйгээр гурван сонгуулийг үзлээ. Гурван сонгууль болоход манай хоёр нам саналаа хуваагаад алдлаа.
Энд хоёр нам гэхээсээ илүү ард түмэн хожигдлоо. Тиймээс том эрх ашгаа бодоод энэ хоёр нам учраа олж, хүчээ нэгтгэх ёстой. Яг нэг нам болж, нэрээ өөрчлөх асуудал хугацаа, хууль, эрх зүйн хувьд өнгөрсөн байж магадгүй. Гэхдээ л хүчээ нэтгэх ямар хэлбэр байна вэ. Түүнийг бүх талаас нь шавхаж бодоод нэгдэж чадах, чадахын төлөө ажиллах ёстой. Нэгдвэл юуг бүтээж чадах вэ гэдгээ эхэлж ярих хэрэгтэй. Түүнээс биш шууд 20х80 уу, 30х70 уу гээд сандал ширээний төлөө ярианаас эхэлвэл буруу.
-Гэтэл МАХН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх сонирхол хэсэг бүлэг хүнд байна уу даа гэжхарагдаад байна. Үүнийг юунаас харж болох вэ гэвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авилгатай тэмцэхгазраас баривчилна гэдэг асуудал нийгэмд яригдаад байна. Гэтэл хоёр нам нэгдэхээр ажлын хэсэг байгуулчихсан. Ингэхэд Авилгатай тэмцэх газрын ард хэн байна вэ?
-Тэр, энэ гэж өнөөдөр шууд хэлэхэд хэцүү. Би ерөнхийдөө гадарлаж байгаа. Үйл явдлын өрнөлийг ч харъя. Хоёр нам нэгдэхээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байхад иймэрхүү асуудлыг сөхнө гэдэг улс төрийн зорилготой л байна. Зүв зүгээр байснаа хоёр нам нэгдэх тухай ярингуут Н.Энхбаяр даргыг барих, хорих тухай л шуугиж эхэллээ. Тиймээс ажлын хэсгийн ажлыг зогсооё, хоёр намын нэгдлийг болиулъя гэдэг санаархал үүний цаана байна уу даа гэж харагдаж байна.
Асуудал нь Н.Энхбаяртаа ч биш, МАН, МАХН-даа ч биш. Хоёр намаар саналыг нь дахиад хувааж дундаас нь дөрөв дэх удаагаа гарч ирье гэдэг сонирхолд чиглэсэн үйл ажиллагаа. Яагаад гэвэл, Н.Энхбаяр дарга ямар аймаар гэмт хэрэг хийчихсэн болохоор нь барих гээд байгаа юм бол гэдгийг хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдээс харж үзлээ.
Гэтэл барьж хориод байхаар айхтар мэдээлэл алга. Намын байрны мөнгийг нэг хүнд өгөөгүй ч гэдэг юм уу. Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг иймэрхүү зүйлүүд яваад байгаа юм. Тэр нь үнэн байлаа гэхэд энэ бол иргэний шугамаар шийдэгдэх асуудал. Тэгэх тусмаа Монголын өмчийг авсан нэг гадаадын нөхөр нэхэмжлэл гаргасны төлөө, тэр иргэний шугамаар шийдэгдэх байтал шууд эрүүгийн болгож хутгаад байгаа нь тэр тусмаа сонгууль дөхсөн үед огт итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
-Олон ч хуульч тантай ижил байр суурьтай байсан. Энэ нь эрүүгийн биш иргэний асуудал. Гэтэл улстөржүүлж байна гэж хэлж байсан. Тэгвэл хууль хяналтынхны аливаа асуудалд хандахдаа улстөржүүлдэг,нэг хүн рүү чиглүүлдэг асуудлыг яаж таслан зогсоох вэ?
-Ялангуяа УИХ, түүн дотор сууж байгаа хүмүүс, Ерөнхийлөгч хууль хяналтынхны л бодох ёстой асуудал шүү дээ. Тухайлбал, нэг асуудал бүр их анхаарал татаж байна. Н.Энхбаяр дарга телевизээр долоо удаа ярина билээ. Эрүүгийн хуулийн 263.2 гэдэг зүйл анги бол 2009 онд өршөөлд хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан гэдэг бол түүгээр ямар ч хүнийг шийтгэхгүй, ийм асуудлаар шалгаж байсан бол зогсооно гэсэн үг.
Гэтэл 2012 онд өнөөх Өршөөлийн хуульд хамрагдчихсан зүйл ангийг зөвхөн Н.Энхбаяр даргад сэргээж хэрэглэсэн гэж яриад байгаа. Тиймээс би үүнийг үнэн юм уу, худал юм уу гэдгийг нэлээд хэдэн хуульчаас асуусан. Монголын хуулийг ингэж айхтар завхруулж байгаа хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Үүнд даруйхан хариулт өгмөөр байна. Хэд хэдэн удаа телевизээр өршөөлд хамрагдчихсан зүйл ангиар хүнийг шийтгэчихсэн байна гэдгийг хэлж яриад байхад л үүнд ямар ч хариу байхгүй байна шүү дээ. Эсвэл 263.2 гэдэг зүйл анги чинь 2009 оны өршөөлд ороогүй байсан юм уу гэдэг асуудлын учрыг мухарламаар байна. УИХ-ын гишүүд нэг хүнд хэрэглэж болдог хачин хууль гаргачихсан юм уу.
Үгүй бол УИХ-ын гишүүд гаргасан хуулийнхаа хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллах ёстой. Үүн дээр яагаад таг чиг суугаад байна вэ. Гэтэл саяхан Авилгатай тэмцэх газраас 263.2-оор ялласантай холбоотойгоор 263.3-аар ялтай байх хугацаа үргэлжилж байна гэдэг бичиг өгсөн байна билээ. Үүнийг би бүр гайхаад байгаа юм. Харин 2009 оноос хойш шинээр асуудал үүссэн бол ондоо шүү дээ.
-Яг тан шиг ингэж зааг ялгааг нь гаргаж ярихгүй л байна. Нийгэмд мэдээлэл тараахдаа Өршөөлийн тухайхууль батлагдлаа. Гэхдээ энэ хууль нэг хүнд зориулж батлагдсан хууль гэдэг мэдээллийг тараажбайсан. Тэгэхээр мэдээллийг иргэдэд өгөхдөө зохион байгуулалттайгаар буруу ташаа өгдөг асуудал байна уу?
-Үнэхээр ингэж зориудаар мушгин гуйвуулсан бол, нэг хүнд тааруулсан бол, улс төрийн зорилгоор ингэж хэрэглэсэн бол энэ нь маш том асуудал болно. Ганц Н.Энхбаярын тухай асуудал энэ биш. Яг үүгээр ял үүсгэсэн, мөрдсөн, ял өгсөн шүүх, прокурор, Авилгатай тэмцэх газар, үүнд хяналт тавих ёстой УИХ нь бүгдээрээ том асуудалд унана.
Энэ хэрэв үнэн бол цаашид Монгол Улсад ямар ч хууль гаргах хэрэггүй. Хэн нэгэн эрх дархтай хүн хууль зөрчиж болно, түүндээ хариуцлага тооцож чадахгүй улс болжээ гэдгийг л харуулах болно. Тиймээс үүн дээр эхлээд хоёрдмол утгагүй хариултыг олон нийтэд өгөх ёстой. Няцаалт өгөх зүйлдээ тэр өдөрт нь, бүр цагийн дотор хариулт өгдөг шүү дээ. Гэтэл энэ асуудал яригдаад маш олон сар болж байна. Тэгэхэд аль ч газраас ямар нэгэн хариу алга. 263.2-оор ял өгсөн юм, эсвэл өгөөгүй юм аа ч гэдэг хариу алга. Тэгсэн хэр нь Н.Энхбаяр даргыг баривчлах тухай л яриад байдаг. Одоо сонгууль дөхөж байгаа энэ үед хэн нэгнээ баривчилна, хорино гэдэг асуудлыг зогсоох хэрэгтэй. Ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Үнэхээр аюултай хэрэг хийчихсэн юм бол үүнээс өмнөх хугацаанд барьж аваад шийтгээд, бүгд найрамдахыг нь уншаад явуулахгүй яасан юм.
Чимээгүй байж байчихаад яг сонгууль дөхөөд ирэхээр, хоёр нам нэгдэхээр ажлын хэсэг байгуулангуут ийм асуудал үүсгэж байгаа нь үнэхээр олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна шүү. Би хувьдаа үүнийг хөндлөнгөөс нь нэлээд харлаа. Хууль хяналтынхан аль нь зөв, аль нь буруу яриад байгааг хэлж, нэг тийш нь болгоно байх гэж хүлээсэн. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс улс төрийн зорилготой гэдэг нь ойлгогдож байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор дуугарч, ажиллаж байгаа хүн алга л даа. Энэ нь хэлмэгдүүлэлтэээр зогсохгүй том асуудал.
Ер нь манай нам 1996-1997 оны үед Бага хурлаараа яг энэ асуудлыг яриад тэр 1930-1960-аад оны үед ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлж байсныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйсан. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ, төрөл садан, ард түмнээс уучлалт гуйхдаа үүнээс хойш, түүнээс цааш бие махбодь, оюун санаа, эд хөрөнгөөр нь хэлмэгдүүлдэг ийм муухай түүхийг ахиж давтахгүйн төлөө бүх хүчээрээ ажиллаж, алдаа гаргахгүйгээ андгайлсан. Үнэхээр ийм хэлмэгдүүлэлт гарах гээд байгаа бол Н.Энхбаяр байх нь хамаагүй бид бүгдээрээ үнэнээрээ босч тэмцэх хэрэгтэй.
-Яг ийм асуудал ярьж байгаа үед бас нэг зүйлийг асуумаар байна. 1996 онд Ардчилсан нам эрх барьжбайхдаа улс орныг бусниулсан гэж ахмад, дунд үеийнхэн ярьдаг л даа. Одоо яг ийм зүйл давтагдах нь гэжяриад байна. Үнэхээр ийм зүйл болсон уу?
-Би 1937 он тэр үедээ өнгөрсөн гэж бодож байсан. Сүүлийн жилүүдэд болж байгаа зүйлүүдийг хараад байхад 1937 он руугаа буцах гээд байна уу даа гэдэг болгоомжлол үе үе төрж байна. 1937 оны зарим нэг шинж тэмдэг, адилхан зүйлүүд нь өнөөдөр сэргэчихсэн байна. Жишээлбэл, хуульт ёсыг үл тоож, уландаа гишгэдэг. Хууль хүчний байгууллагуудыг хэн нэг эрх мэдэлтэй хүн өөрийнхөө зорилгын төлөө махны машин болгож ашигладаг.
Хууль хүчний байгууллагынхан хуулиа барилгүй тэр хүмүүст ашиглагддаг. Тэдэнд хөтлөгдөж, даалгаврыг нь гүйцэтгэхээр явдаг. Тэгээд ард иргэдийг хэлмэгдүүлдэг. Нэг бариад авсан бол заавал түүнийг буруутгах гэж оролддог. Олон сар, жилээр хорьдог. Ямар ч мөрдөн байцаалт хийхгүйгээр ямар нэгэн буруу олох гэж суулгаж суулгаж байгаад, нэг зүйл ангиар шалгаж байснаа шал өөр зүйл ангиар шийтгээд явдаг. Үгсэж хуйвалддаг. Хувийн болон улс төрийн зорилгоор бие биенээсээ өшөө авах гэж оролддог. Эдгээр зүйл 1937 оны үед байсан гэдгийг би түүхч хүний хувьд мэдэж байна.
Гэтэл энэ чинь өнөө үед байхгүй болчихсон гэж хэлэх үндэсгүй болжээ. Тиймээс бүгдээрээ сэрэмжлэх хэрэгтэй. Ахиад 1937 оныг давтвал аймшигтай шүү. Ийм л зүйлийг бага дээр нь тас цохиж байхгүй бол нэг мэдэхэд хяналтаас гараад явчихсан байх тийм цаг ирж магадгүй. Ялангуяа хүний эрхэнд халддаг хууль хүчний байгууллагуудын нарийн ширийн дотоод хэрэгт нь оролцохгүй хэдий ч ерөнхийд нь хуулийн дагуу байна уу үгүй юу гэдэгт иргэд ч, хэвлэл мэдээллийн байгууллага ч байнга хяналт тавьж байх ёстой. Ийм байгууллагыг дураар нь тавьбал том машины араанууд чинь эргэх гээд байдаг зүй тогтолтой. Өөрсдөө ч мэдэлгүйгээр эргүүлэх гээд байдаг.
-Тэр том машиныг эргүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ. Эрх мэдэл үү, эд хөрөнгө үү?
-Аль аль нь. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн туршлага дутуугаас ч болж байна. Эсвэл өөрсдийнх нь шударга бус байдлаас ч болж байна. Их олон хүчин зүйл нөлөөлж байгаа.
-2016 оны сонгуулиас өмнө хоёр намын эвсэх ажлын хэсэг үр дүнд хүрэх болов уу?
-Өнөөдөр улс орны өмнө зайлшгүй шийдэх ёстой томоохон асуудлууд овоорчихсон байна. Бүр шийдээсэй гэж хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд хоёр нам нэгдвэл илүү үр дүн гаргах уу, эсвэл тус тусдаа байвал үр дүнд хүрэх үү гэдэг дээр ажиллаж, цаашид зорилго дээрээ нэгдэж чадвал дараа нь суудал 60х40 уу, 70х30 уу гэдэг нь жижиг асуудал гэж би ойлгож байгаа. Ер нь цөөхөн монгол хүчээ нэгтгэх ёстой. Үзэл бодлын хувьд ч шал өөр чиглэлийн хүмүүс биш. Нийгмийн хамгаалал, төрийн зохицуулалт, ард түмний ядарсан хэсгийг илүү хамгаалъя гэж ярьдаг. Гэтэл зорилго нэгтэй хэр нь өөр нам болчихоод л яваад байгаа. Муудалцсан хоёр хүн ч гэсэн учир зүйгээ ололцож эвлэрэхэд гоё л байдаг биз дээ.
-УИХ-ын намрын чуулганы завсарлагын хугацаа явж байна. Энэ хугацаанд та тойрогтоо ажиллав уу.Тойргийн иргэд тулгамдаж буй гол асуудлаа юу гэж хэлж байна вэ?
-Надад тухайлан энэ тойрог гэх юм байхгүй. Гэхдээ намын жагсаалт гэдэг бол Монгол Улсын бүх нутаг дэвсгэр, газар нутагт ажиллана гэсэн үг. Би сүүлийн үед иргэдийн хүсэлтээр дүүргүүдэд ажиллаж байгаа. Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт иргэдтэй томоохон уулзалтуудыг хэд хэдэн удаа хийсэн. Энд нэлээд том асуудлууд хуримтлагдсан байгааг мэдсэн. Томоор зогсохгүй маш ноцтой асуудлууд бий болсон байна.
Түүний нэг нь дөрвөн жил явж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил байна. Хүний хашаа, байшин, ТҮЦ-ийг нураагаад дараа нь 1-2 өрөө байр өгнө гэж гэрээ хийсэн тухай юм. Яахав, газар чөлөөлж өгсөн иргэдийн нэг хэсэг нь байрандаа оржээ. Олонх нь 1-2 өрөө байр ч байхгүй, газар ч байхгүй, ТҮЦ ч байхгүй, бүр хашаа ч үгүй, гэр ч үгүй гудамжинд тэнэж явна. Айл айл, ах дүү нараараа хэсээд явж байна. Уйлаад ярьж байна. Би нэг удаа 500 хүнтэй уулзсан. Тэр уулзалтан дээр хүмүүс зөвхөн энэ асуудлыг л ярьсан. Бусад асуудал руу ороогүй. Үүнийг Хотын захиргаа анхаарах ёстой. “Бид ийм хугацаанд та нарын асуудлыг шийдэж өгнө” гэж хариугаа өгөх ёстой. Өнөөдөр хариу өгөхгүй, утсаа ч авахгүй, тэнд улсууд уйлаад бухимдаад явж байна. Нөгөөдүүл нь зүв зүгээр бизнес хийж байгаа хүмүүс байна.
Шар хад, “Да хүрээ” зах хавийнхан. Тэд их үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Төрөөс юм шаардахгүйгээр татвараа төлөөд олон хүнийг ажлын байртай болгоод гэр бүлээ тэжээгээд явж байгаа. Тэднийг хүчээр Улаанбаатараас баруун тийш хүйтэн, ямар ч дэд бүтэцгүй, цэвэрлэх байгууламжийн муухай үнэртэй газар руу хүчээр нүүлгэнэ гээд байгаа юм. Би газар дээр нь очиж үзсэн. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Төрийн байгууллага болоод иргэдийн хооронд мөргөлдөөн ч гарч магадгүй юм билээ. Би Хотын захиргаан дээр очиж уулзан энэ асуудлыг хөндөж тавьсан.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-аас гаргасан журмаар зохицуулдаг. Үүнийг хуульчлаад өгч болдоггүй юм уу гэсэн саналыг иргэд гаргадаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хуульчиллаа гэхэд маш ерөнхий л болно байх. Энэ бол цэвэр хот гэдэг том айлын өөрийнх нь шийдэх асуудал. Юуны төлөө хот гэдэг том айл байгаа билээ. Юуны төлөө хурал байгаа билээ. Юуны төлөө мундаг эрх мэдэлтэй, мөнгөтэй Засаг дарга гэдэг хүн байгаа билээ. Харин шийдэхдээ ард түмнийхээ санал дээр тулгуурлаж, ялангуяа бизнес эрхэлж буй хүмүүсийнхээ санал бодлыг сонсч, их л ухаалаг шийдэх ёстой асуудал. Шар хадны авто худалдааны зах орчимд нийт 12 мянган айл өрх захуудтай холбоотойгоор амьдарч байгаа юм билээ. Лангуу түрээслэдэг хүмүүсээс гадна тэднийг дагасан жижиг бизнес эрхлэгчид гэж байна.
Хоолны газар ажиллуулж, угаалга, оношлогоо ажиллуулдаг хүмүүс бий. Энэ бол тэндээс хоолоо олж идэж буй 12 мянган хүний эрх ашгийн асуудал юм. Энэ хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэнд ч ажлын байргүй, энд ч ажлын байргүй болгож, болж байсан юмыг нь бүр үймүүлж болохгүй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд байна шүү дээ. Ийм үед ядахдаа болж байгаа, амьдралаа аваад явж байгаа хэсэгт нь гай болохгүйхэн шиг холхон байх хэрэгтэй гэж бид үзэж байгаа.