Иргэд амьдрах орчноо сайжруулахын тулд санаачилга гарган, саналаа нэгтгэдэг болжээ
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэ бүтээн байгуулалт болгох ажлын явцад өрнөж буй үйл явдал, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Иргэд амьдрах орчноо сайжруулахын тулд саналаа нэгтгэж, санаачилга гаргаж байгаа нь талархууштай. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гармагц манай байгууллагыг зорин ирж, зөвлөгөө авч, дэмжлэг хүсч байгаа иргэд уулзалтуудын тэн хагасыг эзэлж байна.
Энэ нь иргэд орчноо өөрчилж, амьдрах нөхцөлөө сайжруулахыг зорьж байгаа нэг хэлбэр юм. Бидний зүгээс тухайн байршлыг судлах, иргэдийн санал бодлыг сонсох, эргээд зөвлөгөө мэдээллээр хангах, хамтарч төслийг амжилттай явуулах тал дээр анхаарч ажилласаар байх болно. Төслүүд үе шаттай эхэлсэн. Бид хяналтаа тавьж ажиллана. Харин сонгон шалгаруулалтад шалгарсан барилгын компаниудыг хариуцлага алдахгүй, хүртээмжтэй, орчны стандартаа хангаж бүтээн байгуулалтын саруудад үр дүнтэй ажиллаасай гэж хүсч байна" гэв.