Шийлэгдамба.Г 2016.04.15 | Сонин: Өглөөний сонин

Г.Шийлэгдамба охиныхоо хамт Чайковскийн үдэшт саатаж алсын нүүдлээ тунгааж сууна

Г.Шийлэгдамба охиныхоо хамт Чайковскийн үдэшт саатаж алсын нүүдлээ тунгааж сууна

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр орой охиныхоо хамтаар ДБЭТ-т Чайковскийн үдэшт са атсан дүр зургийг бид хальснаа буулган авлаа.

Түүнийг онцлох болсон шалтгаан нь гэвэл тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа намын санхүүжилтээ босгохоор ойрын танилаасаа мөнгө зээлж намын удирдлагадаа хүлээлгэн өгсөн нь асуудал үүсгэж нам гүмхэн байх болсон юм. Тэрбээр намын санхүүжилтийнхээ талаар олон нийтэд ил тод хэлж ярьснаар намынхаа хэсэг бүлэг хүмүүст ад үзэгдэж байсан. Уг нь түүнтэй нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан намын нөхөд нь өөрөөс нь сайн хүн байхгүй хэмээн тойрон хүрээлж байсан ч намын санхүүжилтийн талаар ил тод ярьснийх нь дараа түүн шиг муу хүн байхгүй мэтээр ярих болсон билээ. 


Тухайлбал, МАХН-ынхан хамгийн сүүлд болсон намын бага хурлаараа түүнийг муулж буруутгаж байсан бөгөөд Н.Энхбаяр дарга нь өнөөдөр ямар шалтгааны улмаас Солонгос улсыг зорьсон нь тодорхойгүй байгаа. Энэ бүх үйл явдлын дараа Г.Шийлэгдамба өөрийн фэйсбүүктээ “Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо.

Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэж бичиж байсан юм. Түүний энэхүү үг нь зөвхөн нэг намын санхүүгийн асуудал бус нийт улстөрийн намуудын санхүүжилтийг ч өөрчлөх ёстой гэдгийг сануулсан хэрэг. 

Цаг хугацаа гэдэг худлыг элээж, үнэнийг өнгөлдөг тул шударга үнэнийг илчилснийхээ төлөө жинтэйхэн хэлсэн хэдэн үг нь МАХН-ын хэсэг бүлэг хүмүүст айхтар туссан ч тэрбээр өөрийгөө амьд байна хэмээн илтгэж сонгодог хөгжмийн аяз сонсон алсын нүүдлээ тунгааж суугаа бололтой.