Улаан загалмайн нийгэмлэг төрийн зарим ажлыг гэрээгээр гүйцэтгэнэ
Хуулийн нэр: Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр:
Батлагдсан он.сар.өдөр: 2016.02.07
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016.02.07
Хуулийн бүтэц: 4 бүлэг 15 зүйлтэй
Монгол Улс анх 2000 онд “Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн (МУЗН) эрх зүйн байдлын тухай” хуультай болсон. Түүнээс хойш 15 жил өнгөрөхөд нийгмийн хөгжлөө дагаад МУЗН-ийн статусыг тодотгох, хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болох, үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг баталгаажуулах хэрэгтэй байсан учраас уг хуулийг шинэчлэн баталжээ.
МУЗН эдүгээ хүмүүнлэгийн чиглэлд бие даан ажиллах бүрэн чадамжтай болсон учир төрийн хариуцдаг байсан хүмүүнлэгийн зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалтыг уг хуульд суулгаж өгсөн байна.
Шинэчилсэн хууль баталснаар хэд хэдэн өөрчлөлт гарав. Тухайлбал МУЗН-ийн үйл ажиллагаа “Олон улсын Улаан загалмай”, “Улаан хавирган сар” хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчмын дагуу явагдана. Мөн төр, МУЗН хоёр хэрхэн хамтарч ажиллахыг илүү тодорхой болгож өгчээ. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар УЗН-т дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангаснаар олон улсын хүмүүнлэгийн гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтой болно. Тиймээс Засгийн газар МУЗН-ээс явуулж буй хүмүүнлэгийн ажилд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт суулгаж, гэрээгээр гүйцэтгүүлнэ.
... 2000 оны хуульд МУЗН-ийн зорилго, чиг үүргийн талаар ердөө хоёрхон заалт байсан бол шинэчилсэн хуульд чиг үүргийг өргөтгөн тодорхой болгож, 10 гаруй заалт оруулжээ ...
Тухайлбал, МУЗН-ийн чиглэлээр өвчин эмгэгээс сэргийлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, яаралтай түргэн тусламж үзүүлэх, донорын хөдөлгөөн өрнүүлэх, гэр бүлийн хэлхээ холбоог дэмжих, олон нийтийн тусламжтай нийгмийн эмзэг хэсэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг хэд хэдэн төрлийн ажил явуулахаар болжээ. Ингэснээр МУЗН нь Онцгой байдлын алба, Нийгмийн халамжийн байгууллагын ачаанаас үүрэлцэх болсон байна. Тиймдээ ч МУЗН-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга, ОБЕГ-ын дарга, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга зэрэг хүмүүс багтдаг.
... МУЗН-ийн үйл ажиллагаанд төрийн болон нутгийн удирдлагын байгууллага бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж хуульд заажээ ...
Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд “Олон улсын Улаан загалмай”, “Улаан хавирган сар” нийгэмлэгүүдийн холбоонд элсэж, 84 дэх гишүүн байгууллага болсон юм.
Өнөөдөр МУЗН:
-97187 гишүүд дэмжигчид
-8960 гаруй мэргэшсэн сайн дурынхан
-703 анхан шатны хороо, 32 дунд шатны хороод
-54406 өсвөрийн Улаан загалмайчид
-17025 Залуучуудын Улаан загалмайчид
-4201 Онцгой гишүүд, хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага
-1084 хүндэт донор
-151 Нигүүлсэнгүй үйлстэн
-314 Нигүүлсэнгүй үйлст манлай малчид