Б.Батцогт: Таваас дээш давхартай барилга баривал Хөдөлмөр хамгааллын албыг ажиллуулах ёстой
Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт
2015.01.15

Б.Батцогт: Таваас дээш давхартай барилга баривал Хөдөлмөр хамгааллын албыг ажиллуулах ёстой

Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогттой Монгол дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар ярилцлаа.

- Хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байдгийн гол шалтгаан нь юунд байна вэ?

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал олон жил хуульгүй явж ирсэн. Нэг гол хор уршиг нь энэ. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг хүмүүс хууль санаачлаад 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан.

Гэхдээ өнөөдөр цаг үеийн шаардлагаар энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болж байна.  Эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох, хүнээ төлөвшүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлага тулгарч байна. Сургалт сурталчилгаа, хүмүүсийн төлөвшил дутмаг байгаагаас осол их гардаг. Аж ахуй нэгжүүдийн удирдлага нь ойлгодоггүй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм, дүрмийг ойшоодоггүй. Осол гарсны дараа өөрсдийгөө хамгаалж бурууг ажилтан руу чихдэг. Тухайн ажилтныг төлөвшүүлэх ажил байгууллагын стратеги төлөвлөгөөнд багтаж, төсөвт мөнгө нь суусан байх ёстой. Өөрөөр хэлбэл ажилтнуудад зориулсан сургалт, сурталчилгааг байнга хийх ёстой.  

Хуулиараа барилгын төсөв санхүүд нийт цалингын 13,6 хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой гэж заасан ч биелдэггүй. Тиймээс бид хуулийн шинэчилсэн найруулгад хөрөнгө оруулагч, захиалагч хоёрт хариуцлага ногдуулах заалтуудыг оруулж байгаа.  Захиалагч компани гүйцэтгэгч компанид хөдөлмөр хамгаалалд зориулах мөнгийг тусад нь гаргаж өгч, түүн дээр нь хяналтын инженер ажиллуулах ёстой. Ингэж байж осол зөрчил багасна. Цөөхөн монголчууд нэг нэгнээ эрэмдэг болгож, амь насаар нь хохироомооргүй байна ш дээ. 

Ихэнх барилгын компаниуд объект дээр хэрхэн аюулгүй ажиллах талаар ажлын зураглал гаргадаггүй. Энэ мэт санаануудаар бид хуулинд санал оруулсан.

- Одоогийн хуулиар зөрчил гаргасан хүмүүст ямар шийтгэл оноож байна вэ?

Компаний захирлыг 100-150 мянган төгрөгөөр, байгууллагыг 250-300 мянган төгрөгөөр торгодог. Энэ чинь тэднийн ганц хоёр өдрийн хоолны мөнгө төдий шүү дээ.  Ажилчид болохоор хэдхэн төгрөгний төлөө эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаад бэртээд орлогоосоо илүү зардал гаргах болдог. 

- ХАБ Хөдөлмөрийн хуультай хэрхэн холбогдож байна вэ? 

Хөдөлмөрийн хуулинд энэ талаар бүлэг заалт бий.  Хангалттай хэрэгжиж байгаа. Ер нь манай Хөдөлмөрийн тухай хууль муу хууль биш. Харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль дутагдалтай. Уг хуулийг санаачилж байсан хүмүүсийн олонхи нь бурхан болчихсон. Тиймээс ХАБ-ын чиглэлээр сургалт явуулдаг багш нар хүчээ нэгтгэх цаг болсон. Хамгийн гол нь техникийн нөхцлийг сайжруулмаар байна. Гаднаас орж ирж буй кран, өргөгч цамхаг зэрэг барилгын техникийг баталгаажуулах хэрэгтэй. Энэ бол хил гаалийнхны хийх ажил. Трос тасарлаа л гэж ярьдаг. Тэр трос баталгаажсан уу үгүй юу гэдгийг хил дээр шалгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэг барилгад ашиглаад хаях тросыг хэд хэдэн барилга дамжуулан ашигладаг. Тэрийг нь МХЕГ-ын ганцхан байцаагч шалгаж хүчирдэггүй бололтой. Ер нь барилгын техникийг жил болгон баталгаажуулах ёстой. Ялануяа барилгын гаднах хамгаалах торыг хийх ёстой. 

- Хариуцлагыг бий болгох чиглэлээр Үйлдвэрчний Эвлэлээс ямар нэгэн ажил зохион байгуулж байна уу?

Барилгын хөгжлийн төвийн сургалтын хэлтэстэй хамтраад “Цэнхэр карт” хөтөлбөр боловсруулсан. ХАХНХ-ын сайд, БХБ-ын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан Цэнхэр картын талаархи тушаал бий. Гэвч яамны зарим ажилтнуудын алдаанаас болж зөвхөн БХБ-ын гарын үсгээр баталгаажсан. Энэ нь Хууль зүйн яамнаас нийтээр дагаж мөрдөх журам зөрчсөн гээд буцаагдсан. Дахин баталгаажуулахын төлөө явна.

Хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой ямар стандарт байна вэ?

ОНSAS 18001 нэртэй олон улсын стандарт бий. Хоёр жилийн өмнө Монгол улс баталгаажуулсан. ОНSAS 18002 стандарт ч бас гарсан.  Энэ стандарт байгууллагуудад тэр болгон хэрэгждэггүй.

Түүнээс гадна барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 167 Конвенци гэж бий. Энэ Конвенцид нэгдэх талаар бид 2012 оноос хойш хөөцөлдөж байна.

Хэрэв Конвенцид нэгдчихвэл Монголд хөдөлмөр хамгааллын асуудал сайжирна.

- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ажлын байран дээр хангуулах ямар субъектууд, мөн энэ чиглэлд ажилладаг ямар байгууллагууд байна вэ?

Нэгдүгээрт ажиллуулагч өөрөө, түүний удирдлаган дор ажилладаг ерөнхий инженер, талбайн инженер, бусад инженерүүд, эцэст нь ажилтан өөрөө. Дээрээс нь хөрөнгө оруулагч, захиалагчаас томилдог хяналтын инженер. Саяхнаас барилгын тусгай зөвшөөрөлд таваас илүү давхартай барилга барьвал Хөдөлмөр хамгааллын албатай байх ёстой гэж зааснаар байдал дээрдсэн. Амжилттай хэрэгжүүлж буй дотоодын болон гадаадын хэд хэдэн компани бий.

Объект дээр өглөө ажил эхлэхээс өмнө талбайн инженер, ерөнхий инженер, талбайн техникч гурав ажлын байр бэлэн үү үгүй юу гэдгийг шалгах ёстой.  Гэтэл манайд энэ нь төлөвшөөгүй байна. Энэ гурав аюулгүй байдлын талаар хяналтын инженертэй зөвлөлдөж ажиллах хэрэгтэй. Манайд хэнэггүйгээсээ болж осол гаргадаг.

Дээрээс нь Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналт шаардлага тавина. Гэхдэ Мэргэжлийн хяналтынхан төлөвлөлтийн бус үзлэг хийлээ шүү гээд тухайн байгууллагадаа хэлчихдэг. Тэгэхээр чинь ямар үзлэг болох юм бэ?

Мөн манайд барилгын дотоод зохион байгуулалт муу байдаг. Тулгуур багана, материалууд энд тэндгүй хөглөрдөг. Угтаа хаана юу байх талаар, ямар техник хаагуур явах тухай ажлын зураг талбайн үүдэн дээр байх ёстой. Ажлын зургийг ерөнхий инженер боловсруулж байгууллагын захирал, замын цагдаагаар баталгаажуулах хэрэгтэй. Цэнхэр картын сургалтанд хамрагдсан бүх байгууллагад энэ талаар зөндөө хэлсэн.