Гэр бүлийн бүх харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй
УИХ-ын чуулган
2014.06.16

Гэр бүлийн бүх харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Хууль хэлэлцүүлгийн хугацаанд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ.

Ж.Батсуурь: Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шүү дээ

Бүх харилцаа, процессыг хуульчлах гэж оролдох нь улам дампуурал руу оруулдаг. Тиймээс гэр бүлийн харилцаа нь уламжлалт тал руугаа илүү хандах хэрэгтэй.

Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шүү дээ. Хүчирхийлэл, хүчирхийлэлийг дагуулдаг гэдэг зарчим руугаа улам татагдах бий гэсэн болгоомжлол байна.

Асуудлыг улам дэвэргэх, хүчирхийлэл үүсгэх, хурцатгах, салалтыг бий болгох гээд олон зүйлийг бий болгох уу? Энэ хуулийн тодорхойлолтоос хархад эвлэрүүлсэн жуулчлах ямар ч ажиллагаа явуулахгүй гэсэн байна?

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Иймээс бүгдийг хуулиар зохицуулна гэж ойлгохгүй байна. 

“Хамгийн чухал хууль юм. Монголчуудын нийгмийн суурь, үндсэн бүтэц гээд олон янзаар ярьдаг хэрнээ учрыг нь олохгүй байгаа юм.

УИХ-ын гишүүд ч гэсэн энэ чухал асуудал хэлэлцэхэд муу анхаарч байна. Сайд огцруулах, мөнгө хуваарилах болохоороо бүгд ирээд, чухал асуудал хэлэлцэхээр алга болчих юм. 

Монголчуудын уламжлал, сэтгэлээ, ёс зүй зэрэг олон зүйл нөлөөлдөг орчин бол гэр бүлийн орчин. Тиймээс бүгдийг хуулиар зохицуулна гэж ойлгохгүй байна. 

Монголчуудын гэр бүлийн зөрчлийн гол сэдэв юу байдаг вэ. Миний бодоход хардалт, гэр бүлийн гадуурх харилцаа том суурь эзэлдэг байх. Мөн миний, чиний гэж алагчилж үзэх, хөрөнгө мөнгө, архидалт гээд зөрчлийн шалтгаан болдог сэдэв юу байдаг вэ. Энэ хуулийг Гэр бүлийн хуультай хамт хэлэлцвэл яасан юм бэ. Энэ хоёр хуулиа хэр зохицуулж байгаа вэ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ёс заншлаас шалтгаалсан зүйлүүд их байдаг. Эр эмийн хооронд илжиг битгий жороол гэх мэт уламжлалт зүйлүүдээс болж маш олон хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болдог. Мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг асуудлаас холбоотой байна. Энэ мэт маш олон хүчин зүйл байгаа ч хүчирхийлэлтэй холбоотой. Энэ хэсгийг нь салгаж аваад бид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар зохицуулахаар тусгаж байгаа юм.