Хүчирхийллийн бие даасан хуультай болно
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.03.05

Хүчирхийллийн бие даасан хуультай болно

Намрын чуулганы хугацаанд  Хууль зүйн байнгын хороо  хэлэлцсэн асуудал, хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус байнгын хороо 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Ингэхдээ бие даасан нэг хууль,  нэмэлт өөрчлөлт оруулах тухай 34 хууль, хүчингүй болсонд тооцох тухай нэг хууль, УИХ-ын тогтоолын төсөл 5-ыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Хууль зүйн байнгын хорооны хувьд намрын чуулганаар хэлэлцэхээр байсан  хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй.

Тухайлбал шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьж, хэлэлцэх шатанд явж байсан Зөрчлийн  тухай, Гэмт хэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай,  Өршөөл үзүүлэх тухай   зэрэг хуулийн төслүүдийг  Засгийн газар эргүүлэн татсанаар хэлэлцэж амжаагүй юм. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Нийгмээс  шахалт үзүүлж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх шатанд  нь  Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн  тухай хуультай хамт эргүүлэн татсан. Ямар үндэслэлээр эргүүлэн татсан юм бэ?

Засгийн газар солигдсон учраас эргүүлэн татсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2014 оны тавдугаар сарын 28-нд  УИХ-д өргөн мэдүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2014 оны зургадугаар сарын 3-нд хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Засгийн газар 2015 оны нэгдүгээр сарын 8-нд эргүүлэн татсан байгаа.

-Хүчирхийллийн бие даасан хууль батлах  шаардлагагүй гэж зарим улс төрчид хэлж байгаа. Тэгвэл нийгэмд  энэ хуулийг хэзээ батлах вэ гэдэг хүлээлт их байна. Энэ хууль бие даасан хууль болж  гарах уу?

Бие даасан хууль болж батлагдана гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр  хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг үү?

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Яамдуудаас санал авах шатандаа яваа  юм билээ. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэнэ.

-Хуулийн  төслийг  дахиж оруулж ирэхдээ  нэлээд чухал заалтуудыг хасч оруулж байгаа гэх мэдээлэл байна?

Хуулийн концепци хэвээрээ байгаа. Хэрэв үнэхээр чухал заалтууд хасагдсан байвал хэлэлцүүлгийн шатанд Хуульзүйн байнгын хороо Ажлын хэсэг гаргаж ажиллах болно.

-Гэмт хэргийн тухай хууль Эрүүгийн хууль болон  нэр нь өөрчлөгдөж орж ирлээ. Х.Тэмүүжин гишүүний сайд байхдаа өргөн барьсан Гэмт хэргийн хуулиасаа юугаараа ялгаатай юм бэ?

Олон зөв зүйтэй заалт орж ирсэн. Ерөнхийдөө одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль социализмын үеийн хуучинсаг  хууль юм.  Зарим гишүүн Эрүүгийн  хуулийн өөр төсөл боловсруулж байгаа.  Засгийн газар гишүүдээс өргөн барьсан  төсөлтэй  хамтатгаж хэлэлцэх болов уу. Х.Тэмүүжин сайдын үед өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн  төслөөс  концепцийн хувьд нэг их ялгаатай зүйл байхгүй. Зарим тодорхой заалтууд өөрчлөгдсөн.

Тус  байнгын хороо намрын чуулганы  хугацаанд  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  тухай хуулийн төслийн  шинэчилсэн найруулгыг баталсан нь олон  шат дамжлага, хүнд суртлыг багасгасан гэж онцоллоо.  Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд иргэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд ажлын зургаан өдөр зарцуулж байсныг 48 цаг болгон, бүртгэлийг цахимаар хийх аж. Мөн найман  шат  дамжлагыг даруй дөрөв болгон бууруулсан нь хүнд суртлыг багасгахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Мөн Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асууж байлаа. Үндсэн хуулийн Цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт ,  Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, “Хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан. Энэ шийдвэр ирэх долдугаар сарын 1-нээс  хэрэгжих ёстой. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Үндсэн хуулийн цэцээс давж  заалдах шатны шүүхүүдийг байх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Харин 2015 оны төсөвт энэ мөнгө нь суугаагүй учраас  хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсэг  ажиллаж байгаа” гэх хариулт өглөө.