Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг хэрхэх вэ?
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
2014.06.03

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг хэрхэх вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд УИХ-аас баталж байсан аж.

Гэвч хууль үүргээ биелүүлж чадаагүй юм байна. Судалгаагаар сүүлийн 3.8 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдох гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 иргэн амь насаа алдаж 1180 иргэн гэмтжээ.  Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр  үйлчилгээ үзүүлдэг ТББ-ууд гаргасан төдийгүй хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 8 жил гаруйн хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч шийдвэрээс нэг нь ч хэрэгжээгүй юм байна.

Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл улам хүндэрч буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж Хууль зүйн яамнаас дээрх төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа  хүүхэдтэй хүмүүсийг хуулийн хамгаалалтад хамрагдах боломжтой болгосон байна.

Хөнгөн төрлийнхөд тооцогдвол албадан ажил хийлгэнэ, ингэхдээ долоо хоног хүртэл саатуулах боломжтой.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолж өгсөн юм байна. Гэхдээ хүчирхийлэгч хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан уу, хүнд гэмтэл учруулсан уу гэдгээс хамаарч шийтгэл ногдоно. Хөнгөн төрлийнхөд тооцогдвол албадан ажил хийлгэнэ, ингэхдээ долоо хоног хүртэл саатуулах боломжтой. Хэрвээ хохирогчийн биед гэмтэл учруулсан, амь насанд нь халдсан байвал зүйчлэлээрээ ялын хэмжээ нь нэмэгдэх юм байна. Тухайлбал, хүүхдийн биед гэмтэл учруулсан бол 5-8 хүртэл жилээр хоригдож болзошгүй. Хүний амь насыг хохироосон бол түүнээс олон жилээр хоригдох ял ногдуулах аж.

Хохирогчдыг хамгаалах, тэдэнд байнгын хараа хяналт тавьж байхын тулд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд дэд зөвлөл байгуулан ажиллуулна. Үүнийг ажиллуулахад нэмэлт орон тоо шаардахгүй өнөөгийн хүчин чадлаараа хүндээ хүрч ажиллах боломжтой хэмээн үзжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хохирогчийг хамгаалах талд зохицуулалтууд сайн сууж, гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон мянган эмэгтэйчүүдээ, хүүхдээ төр байнга хамгаалаад суух бололцоогүй. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүнээ хүмүүжүүлж, тухайн гэр бүлийг гэр бүл шиг болгоход ямар арга хэмжээ авахаар төсөлд тусгав" гэдэгт хариулт өгөхийг хүслээ.

Хууль зүйн сайд Х.Тэмжүүжиний тайлбараар тухайн хүчирхийлэл үйлдэгчийг албадан ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд нь ёс зүй хүмүүжлийн хичээл заах зэргээр боловсролын арга хэрэгслийг ашиглаж болно гэж үзэж байна. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа суурь нөхцлийг судалж үзэхэд архи уусан үедээ энэ төрлийн гэмт хэрэг өдүүлэх байдал түгээмэл байгаа тул архины хамаарлаас гаргах эмчилгээнд явуулж дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх талын арга хэмжээ давхар авагдахаар хуулийн төсөлд суусан гэдгийг онцоллоо.

Харин хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэх шатанд уламжлалт гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаа хуульд илүүтэй тусгаж өгөхөд ажлын хэсэг анхаарахыг хүслээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн тусгай хичээлийг оруулж өгөх нь ирээдүйд эцэг, эх болоход нь тусгай гэдгийг ч энэ үеэр гишүүд хэлж байлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж, бүрэлдэхүүнд нь Р.Бурмаа, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар багтаж ажиллахаар боллоо.