С.Одонтуяа: Монгол Улсын дархан хилийг манаж тэмдэглэсэн мартын-8 хэзээ ч мартагдахгүй
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай уулзаж цаг үеийн асуудал болон удахгүй болох Мартын-8-ны баярын талаар товчхон ярилцав.
-Та УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүний хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачилж, анхнаас нь нэлээн идэвхтэй ажиллаж батлууллаа. Энэ хуулийн ач холбогдлыг товчхон тайлбарлана уу?
Тийм ээ. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн батлуулсан нэлээн чухал ач холбогдолтой хууль бол Эрүүл мэндийн даатгалын тухай хууль юм. Монгол Улсын иргэн бүрт хамаатай энэ чухал хууль сүүлийн таван жил УИХ-аар хэлэлцэгдсний эцэст ийнхүү батлагдан гарлаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталснаар эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийн нэг чухал алхам хийгдсэн гэж дүгнэж болно.
Энэ хууль 2015 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын цахим карттай болж, өөрийнхөө авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орлого, зарлагт бүрэн хяналт тавих боломжтой болж байгаа юм. Мөн энэ хуулиар шимтгэлийг бодитоор олгох тал дээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломжтой.
Зарлагын хувьд өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэггүй байсан олон төрлийн багцыг нэмж оруулснаараа иргэдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээ бодитой багасах боломжтой болсныг хэлэх ёстой. Өөр нэгэн томоохон ач холбогдолтой зохицуулалт нь урьд өмнө Эрүүл мэндийн даатгалын сангаас улстөрийн зорилгоор, сонгуулийн өмнө янз бүрийн аянуудыг 16-18 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн явуулдаг байсныг хуулиар хориглосон.
Яагаад гэвэл энэ мөнгө бол цэвэр Эрүүл мэндийн даатгуулагчдын мөнгө учраас ямарваа улстөрийн зорилгоор ашиглаж болохгүй болсон. Харин урьдчилан сэргийлэх талд олон чухал заалтууд оруулсан байгаа. Мөн өөрөө Эрүүл мэндийн даатгалаа төлдөг иргэдийн хувьд нэгэн чухал заалт оруулсан нь тухайн хүний тусламж үйлчилгээ авах мөнгө хүрэхгүй тохиолдолд өрхийн өөр нэг гишүүний мөнгийг авч хэрэглэх боломжтой болгосон.
Түүнчлэн улсын болон хувийн эмнэлэгт ямар нэгэн ялгавар тогтоохгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлд нь тохируулан ижил хэмжээгээр санхүүжүүлэхээр болсон нь эмнэлгүүд зөвхөн тусламж үйлчилгээний чанараар өрсөлдөх, цэвэр өрсөлдөөнийг бий болгох маш чухал ач холбогдолтой юм.Товчхондоо Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа маш олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой болж байгаа юм.
-Таны хувьд УИХ-ын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна?
Энэ сарын хоёрноос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Гарамгайбаатар нарын хамт Хэнтий аймагт ажиллачихаад ирлээ. Намрын чуулганаар батлагдсан хуулиудаа сурталчилж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан тухайн суманд ямар хүндрэл, бэрхшээл байгаа талаар ярилцлаа.
Иргэдийн зүгээс УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд тэдний амьдралд ямар ач холбогдолтой юм, яг ямар зүйл заалтыг хэрхэн ашиглаж амьдрал ахуйдаа хэрэглэх шаардлагатай юм гэдэгт мэдээлэл, мэдлэг ихээхэн дулимаг байдаг л даа. Сүүлийн үед үүсээд байгаа гэр бүлийн хүчирхийллийн талаар манай хөдөөгийн иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хууль эрхзүйн орчных нь талаар ярьж байна.
Хэвлэлээр гараад байгаа Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодит боломж байгаа эсэхийг иргэд ихээхэн сонирхон асууж байсан. Мөн төрийн байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэдэд олгодог байсан мөнгөн тэтгэмжийн талаар бас их сонирхож, лавлан асууж байна лээ. Миний хувьд хөдөө орон нутгаар эмэгтэй гишүүд тэр бүр ирэхгүй байна гэсэн шүүмжлэл сонсож л явлаа.
-Хоёр хоноод Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нөгөө талаар бас баярынх нь өдөр болох гэж байна. Таны хувьд энэ баярт аль хэр ач холбогдол өгдөг вэ. Ер нь УИХ-ын 11 эмэгтэй гишүүн энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг бол?
Мартын-8 бол анх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр, бараг тэмцлийн өдөр болж үүссэн түүхтэй шүү дээ. Сүүлийн үед бид голцуухан л баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг болж л дээ. Гэхдээ оюутан залуус, хүн амын тодорхой давхаргын хувьд баярлаж, тэмдэглэхэд буруудах зүйлгүй л дээ. Энэ жилийн хувьд иргэдээс мартын-8-ныг хүүхэд, эмэгтэйчүүдийн зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалах, олон нийтийн дуу хоолойг дамжуулах, түгээхийн тулд бодитой алхам хийх өдөр болгох санал санаачилга олон ирж байгаа.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дээр нэлээн цаг гаргаж, ач холбогдол өгч ажилласан. Харамсалтай нь энэ хууль өргөн баригдахад их ойртсон үед Засгийн газар эргүүлэн татчихлаа. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад энэ хуулийг яаралтай өргөн барь гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Тэгэхдээ энэ хууль заавал бие даасан хууль байх ёстой гэсэн заалтыг оруулсан байгаа.
Энэ хуулийг яаралтай батлуулахын тулд бид шаргуу ажиллана. Уг нь манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2004 онд баталснаар хүчирхийлэлд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэх хуулийн орчин бүрдсэн. Гэвч өнөөдөр дээрх хуулийн хүртээмж, хүч хаанаа ч хүрэхгүй байгааг заазуурдуулсан,хазуулсан, шуудайнд боогдсон, зодуулсан, цаснаар нүцгэн хөөгдөж гудамжинд гүйж яваа хүүхдүүдийн зураг олон нийтэд дохио өгсөөр, сүүлдээ бүр дөрөвхөн настай охин зодуураас болж амиа алдсан нь гэр бүлийн хүчирхийллийн аюул түгшүүрийн харанга дэлдэж, Монголын нийгмийг бүхэлд нь цочирдуулаад байгаа юм л даа.
-Та мартын-8-ны баярын тухай асуултыг шууд ажил хэрэг болгоод явчихлаа?
Би сая хэлсэн дээ. Энэ баяр уг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр байсан гэж. Тийм болохоор эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар ярихаас өөр аргагүй. Сүүлийн үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаар их ярьж байгаа. Бид энэ асуудлаар 2013 оноос ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Манай судалгаанаас үзвэл энэ асуудалд ихээхэн дэвшил гарч байгааг тэмдэглэх ёстой. Ослын даатгалын хувьд, хамгаалах хувцас, хэрэглэлийн хувьд, хяналт тавих байгууллагуудын хувьд багагүй ахиц, дэвшил гарсан нь харагдаж байна.
Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар 15 байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байгаа. Одоо өвлийн улиралд бага насны хүүхэд морь унаснаас болж бэртэж, гэмтэх асуудал гарсаар байгааг л нэг тийш болгох шаардлагатай байгаа юм.Бидний хувьд нэг талаасаа Монголын уламжлалт зан заншил, соёл, өв улалжлалаа бодож ажиллах ёстой. Нөгөө талаас бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны асуудалд хатуу байр суурьтай байж, асуудлыг тэр талаас нь тавихаас өөр арга байхгүй.
Тийм ч учраас бид өвлийн улиралд бага насны хүүхдээр морь унуулахыг хориглох хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт санал авахаар өгчихсөн байгаа. Энэ хуулийн төслөө яг энэ мартын-8-аар өргөн барихаар бэлтгэж байна.Яагаад гэвэл энэ нь их товчхон хууль байгаа. Засгийн газраас хурдан морины бооцоот уралдааны тухай хууль өргөн баригдах гэж байгаатай холбогдуулан бид дээрх хуулийн төсөлдөө 16 наснаас доош хүүхдээр өвлийн улиралд морь унуулахыг л хориглож байгаа.
Ер нь Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд биеийн тамир спортоор хичээллэж, морь малтай ойр өсөх ёстой ч ямар ч тохиолдолд хэсэг бүлэг хүмүүсийн зугаа цэнгэлийн хэрэгсэл болох учиргүй юм.
Миний хувийн бодлоор Монголын нийгэмд ажил хийх, хөдөлмөрлөх, эрхээ хамгаалуулах, сурч боловсрох гээд бүх эрх нь нээлттэй байх ёстой. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалаасаа өөр заяасан хүмүүс шүү дээ.
Тэгэхээр шууд жендерийн тэгш эрх гээд ярихаар хүмүүс ойлгодоггүй, ер нь энэ бол жаахан буруу ойлголт гэдгийг хэлэх ёстой. Эцсийн эцэст бид жендерийн зохистой харьцааны талаар л ярилцах ёстой юм.
Жишээлбэл Боловсролын салбарт дан эмэгтэйчүүд зонхилж байгаагаас хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд зохих нөлөө үзүүлж байна. Эрүүл мэндийн салбар байна. Тэгэхээр хамгийн гол нь жендерийн зохистой харьцааг л голлон авч үзэх шаардлагатай.
-Та ер нь гэр бүлийн хүрээнд мартын-8-ныг тэмдэглэдэг үү. Хамгийн дурсамжтай мартын-8-ныхаа талаар сонирхуулаач?
Гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэлгүй яах вэ. Хамгийн дурсгалтай гэснээс одоогоос хоёр жилийн өмнө Г.Уянга гишүүн бид хоёр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод очиж хилийн 1046-р баганын дэргэд хилийн манааны үүрэг гүйцэтгэж, мартын-8-ныг өнгөрүүлж байсан. Монгол Улсын дархан хилийг манаж тэмдэглэсэн тэр мартын-8 үнэхээр гайхалтай, хэзээ ч мартагдашгүй март байсан шүү. Ингээд танай сониноор дамжуулан Монголынхоо бүх эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ мартын-8-ны баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.