Барилгын салбарт үхлийн сезон эхлэв
Уншигч та ийм билэггүй гарчиг өгснийг минь ойлгоно биз. Гэвч бодит байдал ийм байна. Монгол улсын барилгын салбар хүн ажиллаж орлого олдог бус, ажилтан хүн орой гэртээ эрүүл саруул харих эсэхээ хэлж мэдэхгүй аюултай газар болоод байна. Эсвэл хөгжлийн үнэ цэнэ гэж ийм хатуу байдаг хэрэг үү?
Саяхан миний нэгэн танил барилга дээр ажиллаж байгаад боолтоор боож бэхлэх ёстой байсан төмрийг зөөлөн төмөр утсаар торгоосон байснаас болж тэр төмөр дээрээс нь унаж нас барсан. Мөн энэ оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй "Саруул хотхон"-ы есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байсан хүн лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алдсан. Энэ мэт үхсэн хатсан, үүрд тахир дутуу болсон жишээг дурьдаад байвал бүхэл бүтэн жагсаалт гарна.
Монголд барилгажилт эрчимжсэнээр энэ салбарт чөтгөр шүглэв үү гэлтэй барилга дээр хүний амь эрсдэв гэдэг мэдээ бидний байсхийгээд сонсдог мэдээнүүдийн нэг болж хувирсан. Сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан аж.
Эндээс харахад барилга барьж буй компаниуд хүний амийг хамгаалах талаар огтхон ч боддоггүй, хурдан бариад орлого олж л байвал болдог юм шиг. Тэд төрийн хууль тогтоомжийг зөрчдөг, дур зоргоороо авирладаг, үл тоомсорлодог, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй.
Барилга дээр хөдөлмөр хамгааллыг хэрхэн хангах талаар хуулийн бэлээхэн заалтууд бий.
2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан. Тэнд зааснаар барилгын төсөв санхүүд нийт цалингын 13,6 хувийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой гэж заасан ч биелдэггүй. Ихэнх барилгын компаниуд объект дээр хэрхэн аюулгүй ажиллах талаар ажлын зураглал гаргадаггүй. Объект дээр өглөө ажил эхлэхээс өмнө талбайн инженер, ерөнхий инженер, талбайн техникч гурав ажлын байр бэлэн үү үгүй юу гэдгийг шалгах ёстой. Гэтэл манайд энэ нь төлөвшөөгүй. Энэ гурав аюулгүй байдлын талаар хяналтын инженертэй зөвлөлдөж ажиллах ёстой байдаг. Ихэнх барилгын компаниудад барилгын дотоод зохион байгуулалт муу байдаг. Тулгуур багана, материалууд энд тэндгүй хөглөрдөг. Угтаа хаана юу байх талаар, ямар техник хаагуур явах тухай ажлын зураг талбайн үүдэн дээр байх ёстой. Ажлын зургийг ерөнхий инженер боловсруулж байгууллагын захирал, замын цагдаагаар баталгаажуулдаг номтой.
Барилга дээр хүн нас бардаг шалтгаан зөвхөн барилгын талбайд байдаггүй. Манай улсад гаднаас орж ирж буй кран, өргөгч цамхаг зэрэг барилгын техникийг баталгаажуулдаггүй. Энэ бол хил гаалийнхны хийх ажил. Трос тасарлаа л гэж ярьдаг. Тэр трос баталгаажсан уу үгүй юу гэдгийг хил дээр шалгах ёстой баймаар. Гэтэл нэг барилгад ашиглаад хаях тросыг хэд хэдэн барилга дамжуулан ашигладаг.
Энэ мэт зүйлсийг мөрддөггүйгээс болж хүний амь эрсдээд байхад барилгын компаниуд осол гарсны дараа өөрсдийгөө хамгаалж бурууг ажилтан руу чихдэг. Ажилтан өөрөө буруутай байж болно. Гэтэл барилгын хажуугаар мөрөөрөө алхаж явсан, эсвэл бүр машинтайгаа явж байсан хүний дээрээс төмөр унаж амийг нь хөнөөхийг юу гэж хэлэх вэ?
Одоо үйлчилж буй хуулинд хохирогчдыг басамжилсан нэг заалт бий. Энэ нь юу вэ гэвэл зөрчил гаргасан компаний захирлыг 100-150 мянган төгрөгөөр, байгууллагыг 250-300 мянган төгрөгөөр торгодог явдал. Өөрөөр хэлбэл ганц, хоёр удаагийн өдрийн хоолны мөнгө гэсэн үг.
Монгол улсын хуулинд “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй” гэсэн агуулгатай заалт бий. Харамсалтай нь байнга зөрчигддөг заалтын нэг болжээ. Энэ заалтыг хэрэгжүүлж нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилга дээр ажиллахад аюулгүй гэж хэлж болно.